Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Жакарта дахь ЭСЯ, Сурабаяа дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын хамт “Индонез батикаар Монголын үндэсний хувцсыг урлахуй” сэдэвт соёлын арга хэмжээг 12 дугаар сарын 2-нд зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж, Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын Индонез, Монголын парламентын бүлгийн дарга Жазилуль Фаваид, БНИУ-ын ГХЯ-ны Мэдээлэл, олон нийтийн дипломатийн газрын захирал Эсти Андаяани нар үг хэлж, Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай буйгаа илэрхийлж, цаашид Монгол, Индонезийн хамтын ажиллагааг бүхий л салбар өргөжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотлов.
“Mongol Costumes” төв нь “Эзэнт гүрний хатад”, “Монголын үндэстэн ястан” зэрэг цуглуулгыг индонезийн болон гадаадын зочдод үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны соёлын төгс зохицол болгож уг арга хэмжээнд индонез батикаар урласан монголын сонгодог болон орчин үеийн загварын дээлний үзүүлбэр толилуулсан нь зочдыг сонирхлыг ихээр татав.
Түүнчлэн Жакарта хотноо амьдарч, ажиллаж буй монголчууд индонезийн батикаар хийсэн Монгол дээлийн үзүүлбэр үзүүлэв. Арга хэмжээний үеэр МУГЖ Х.Далантай монгол ардын дуу, төгөлдөр хуурч Д.Тунгалаг хөгжмийн зохиолч Д.Жанцанноровын бүтээлийг хүндэт зочдод өргөн барив.