Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛТГЭЖ ЭХЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИНГ БЭЛТГЭЖ ЭХЛЭВ

Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайд Н.Ядамжавд үүрэг болгосны дагуу Москва хот дахь Дипломтын дээд сургуульд чухам ямар боловсролтой хүмүүс тэнцэх талаар судалж монгол оюутнуудыг сургах хүсэлтийг ЗХУ-ын холбогдох байууллагад хүргүүлсэн байна. 1946 оны 06 дугаар сарын 04-нд ЗХУ-аас БНМАУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.А.Иванов “Танаас Олон улсын харилцааны дээд сургуульд 5-6 хүнийг оруулах тухай хүссэн хүсэлтийг ёсоор болгосон тул үүгээр хүндэтгэн дэвшүүлж мэдэгдэе. Тус дээд сургуульд орогчид нь нийтийн журмын ёсоор орос хэл ба утга зохиол, ерөнхий түүх, СССР-ийн түүх ба дэлхийн байдал зэрэг хичээлүүдэд дунд сургуулийн програмын хэмжээгээр шалгалтыг өгч орох болно. Энэхүү дээд сургуульд орогчид нь дурьдсан шалгалтыг өгч чадахуйц орос хэл бичгийг сайн мэдсэн байваас зохих нь мэдээжийн хэрэг болой” хэмээсэн ноотыг маршал Х.Чойлбалсанд ирүүлсэн байна.

ГЯЯ-наас энэхүү сургуульд суралцуулах хүмүүсийн тухай санал төлөвлөж Ерөнхий сайд маршал Чойлбалсанд танилцуулан МАХН-ын ТХ-нд хүргүүлжээ. МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1946 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар хурлаар эдгээр хүмүүсийн түүх ба сурлага, ажиллагааны байдлыг нэг бүрчлэн хэлэлцээд Сономын Аварзэд, Балжингийн Лочин, Мангалын Дүгэрсүрэн, Оюуны Хосбаяр, Шагдарын Бира, Тумбаашийн Пүрэвжал нарыг тус сургуульд явуулахаар баталжээ. /тогтоол/.

picture1Эдгээр 6 монгол оюутан нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн анхны гадаад оюутнууд байжээ. Тогтоолын дагуу 1946 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ГЯЯ-ны 179/Е-53 дугаар ноотыг ЗХУ-ын Элчин сайд И.А.Ивановт илгээн тус сургуульд суралцах хүмүүсийн талаар мэдэгдсэн байна /ноот/. Ийнхүү Монгол Улсын дипломат албаны мэргэжлийн боловсон хүчнийг системтэй, тасралтгүй бэлтгэх тулгын чулуу тавигдсан түүхтэй.

picture2 1951 онд  Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг анхны монгол оюутнууд төгсчээ. МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1951 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 59/165 дугаар хурлын тогтоолыг үндэслэн ГЯЯ-ны сайдын тушаалаар М.Дүгэрсүрэнг Европын хэлтсийн эрхлэгчийн орлогчоор, Т.Пүрэвжалыг Ерөнхий нарийн бичгийн даргын туслагчаар, О.Хосбаяр, Б.Лочин нарыг Дорнод хэлтсийн референтээр, Ш.Бираг Европын хэлтсийн референтээр тус тус томилсон байна. /тушаал/.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд МОУХДС-ийг манай улсаас 500 гаруй хүн төгсөж, улс орныхоо нийгмийн бүхий л салбарт, олонхи  нь гадаад харилцааны салбарт нэр алдраа цуурайтуулан амжилттай ажиллаж байна.