Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ оны 12 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд оролцохоор Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсад 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Д.Ганбат сайд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, эрчим хүч, дэд бүтцийн сайд А.О.Жунусовтой 12 дугаар сарын 7-ны өдөр албан уулзалт хийв. Тус уулзалтанд Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр Оросын Холбооны Улсын Москва хотноо 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг”-ийн хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан тээвэр, дэд бүтцийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсын ачааг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх нөхцлийг хөнгөвчлөх, Монгол Улсын төмөр зам, авто замын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцов.
Тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор хоёр талын хооронд тээврийн салбарт хамтран ажиллах баримт бичгийн төслийг ойрын үед боловсруулан хэлэлцэж, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.