Берлин хотын Хумбольдт Их сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхим тус ЭСЯ-тай хамтран “Монголын гэр бүл болон нийгмийн шилжилтийн үйл явц” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурлыг др. Ута Шөөнэ-гийн 75 насны ойд тохиолдуулан энэ оны 12 дугаар сарын 2-ны өдөр Берлин хотноо зохион байгуулав. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж др. Ута Шөөнэ-г “Алтан Гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан билээ. Элчин сайд Ц.Болор бага хуралд илтгэл тавьсан эрдэмтэд болон бусад хүндэт зочдыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар др. Ута Шөөнэ-д “Алтан гадас” одонг гардууллаа.
Доктор Ута Шөөнэ анх 1960-аад онд МУИС-д суралцаж, улмаар монгол судлалаар насан турш ажилласан бөгөөд олон оюутан, монгол судлаач нарын багш билээ. Тэрээр 2006 онд Хумбольдт Их сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалаас тэтгэвэрт гарч, түүнээс хойш өнөөг хүртэл сайн дураараа хичээл зааж байгаа нь тус сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхимийн төдийгүй ХБНГУ дахь монгол судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Монгол судлалын энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар орж, мөн түүнчлэн монголч эрдэмтэд проф. С.Дулам, проф. Ж.Урангуа, проф. Вероника Файт, проф. Удо Баркманн болон проф. Инес Штольпе, мөн др. Юлиан Диркес болон магистр Кристиан Рессел нар бага хурлын хүрээнд илтгэл тавьж оролцлоо.