Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад соёл урлаг, кино, спорт болон бусад салбар дахь амжилтаар дэлхийд танигдсан алдартан, идэвх санаачлагатай жирийн иргэдээр дамжуулан улсынхаа “зөөлөн хүчний” бодлогыг хэрэгжүүлдэг билээ.
Манай улсын хувьд урлаг, спортоор дамжуулан өөрийн улсыг гадаадад сурталчлах, олон улсын нэр хүндээ өсгөх, соёлын харилцаагаар дамжуулан улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор 2005 онд “Соёлын өргөмжит элч” томилон ажиллуулах шийдвэрийг гаргаж “Монгол Улсын Соёлын өргөмжит элчийн тухай журам”-ыг Гадаад харилцааны сайдын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр тушаалын хавсралтаар батлан мөрдөж эхэлснээс хойш гадаад улсын иргэдийг “Соёлын өргөмжит элч”-ээр томилон ажиллуулж байсан юм.
Гадаад хэргийн сайдын А/11 тоот тушаалаар “Монгол Улсын Соёлын элчийн тухай” журам 2015 оны 2-р сард шинэчлэн батлагдсан бөгөөд шинэ журмын дагуу гадаадын иргэдээс гадна дэлхийд танигдсан монгол иргэд Монгол Улсын Соёлын элчээр томилогдож Монгол Улсыг гадаадад сурталчлах, дэлхийн улс орнуудтай соёлын харилцаа болон түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Гадаад хэргийн яамтай хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.