Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 12 дугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд И.В.Петришенкотой өөрийн хүсэлтээр уулзав.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцав. Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсоны хувьд хоёр улсын харилцааг бодит агуулгаар баяжуулж, гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг онцлоод 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Москва хотноо хуралдсан Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны Протоколд тусгагдсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийг байгуулах тухай монголын талын саналыг беларусийн талаас дэмжиж өгөхийг хүслээ.