Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ИБУИНВУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны “Great” хөтөлбөрийн захирал Конрад Бөрд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Great төслийн ололт амжилт, туршлага” сэдвээр лекц уншлаа.
Лекцэнд төрийн яам агентлагийн гадаад сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд, аялал жуулчлал, соёл урлаг, маркетинг, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш профессорууд урилгаар оролцлоо.
‘’GREAT’’ хөтөлбөр нь Британи улсыг нэгэн цогц брэнд дор сурталчлан аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбаруудаас олох орлогыг нэмэгдүүлэн Британи орны имиж, нэр хүндийг нэмэгдүүлэх аянт ажил юм. Тус аяныг Британийн Засгийн Газар 2012 онд анх гаргасан ба өөрийн хилийн чанад дахь элчин сайдын яамдууд, худалдааны хэлтсүүдээр дамжуулан олон улсад хэрэгжүүлдэг. Одоогоор 144 оронд энэ аян хэрэгжин нийт 2,1 тэрбум фунтийн орлогыг Британи улсад оруулаад байна. Энэ тоо цаашид 2,2 тэрбумаар өсөх тооцоо байна. Тус аянд Британийн соёл урлагын одууд, хатан хааны гэр бүлийнхэн идэвхитэй оролцдог байна.
Лекцийг Гадаад харилцааны яам зохион байгуулж, БСШУСЯ, БОАЖЯ, Их Британий ЭСЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монгол аялал жуулчлалын холбоо, Монголын үндэсний маркетингийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.