САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ КАТАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Султан Салмиин Аль-Мансуриг хүлээн авч уулзаж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ЛИНХАРТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил манай улсад ажлын айлчлал хийж буй Австри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхартыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил тус улстай байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн хоёр дахь шатны хөнгөлөлттэй зээл олгох болсонд талархал илэрхийлж, манай иргэд Австри Улсад зорчихоор удаан хугацааны болон оюутны виз хүсэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, тус улсад Гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн сургах, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НАОМИ КИТАХАРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав. Суурин төлөөлөгч Наоми Китахара НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ШЭНЬХУА ГРУППЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ЫН ДАРГА ЛУ БИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ын дарга Лу Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудалд чухал ач холбогдол өгч байгаа талаар танилцуулав.