Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.
Суурин төлөөлөгч Наоми Китахара НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хөгжлийн асуудлаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэж, батлахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Залуучуудын хөгжил, боловсролын асуудлаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Гадаад харилцааны сайд хүсэлт болгосон байна.
Нью-Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдөр болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБХАС-аас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны шинэ хөтөлбөр”-ийг баталсан. НҮБ-ын Хүн амын сангаас ирэх 5 жилийн хугацаанд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудын хөгжил, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15.1 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг ирэх онуудад хэрэгжүүлэх юм.