Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 95 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙВ

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 95 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хүндэтгэлийн хүлээн авалт хийв.

%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%bb%d1%82-1

%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%bb%d1%82-2

 

Хүлээн авалтад Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүндэт зочноор оролцож, ГХЯ, ХААХҮЯ, МХАҮТ-ийн удирдлага, ОХУ-ын Улаан-Үд, Кызыл хотуудад суугаа Ерөнхий Консулууд, Тува улсын тэргүүн Шолбан Кара Оол, ОХУ-ын ГХЯ-ны Азийн 1 дүгээр газрын удирдлага,  ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд И.Н.Зубов, ОХУ-ын Батлан хамгаалах, Эдийн засгийн хөгжлийн, Хөдөө аж ахуй зэрэг зарим яам, агентлаг, байгууллагын удирдах хүмүүс, соёл, урлаг, боловсролын байгууллагын болон бизнесийн төлөөлөл, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар В.Горбатко, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар В.Жанибеков зэрэг  Монголын анд нөхөд нийгэмлэгийн хүндэт гишүүд, гадаад орнуудаас ОХУ-д суугаа ДТГ-ын тэргүүнүүд, Алтай, Красноярск, Краснодарын амбан захирагчдын бие төлөөлөгчид зэрэг нийт 370 гаруй хүн уригдан оролцов.

%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%bb%d1%82-3

Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан БНМАУ, ЗСБНХОУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Хэлэлцээр нь хоёр талын найрамдалт харилцаа тогтоох, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн үндсэн баримт бичиг болохыг тэмдэглээд, энэхүү хэлэлцээрийг үндэслэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 95 жил өнгөрсөн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж ирсэн, ямар үр дүнд хүрснийг дүгнэж цэгнэхэд хангалттай урт хугацаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгахад зөвлөлтийн болон оросын ард түмэн чухал үүрэг гүйцэтгэснийг монголын ард түмэн гүнээ хүндэтгэдэг, өнгөрсөн 100 шахам жилийн туршид Монгол Улс, ОХУ нь найрсаг хөрш, харилцан итгэлцэл, эв нэгдлийн харилцаа холбоотой явж ирсэн бөгөөд хоёр орны улс төрийн харилцаанд, шийдвэрлэгдээгүй маргаантай асуудал байхгүйг цохон тэмдэглэв.

Хүлээн авалтын танхимд түүхэн гэрэл зургууд, үндэсний баяр наадам, зан заншил, орчин үеийн Монголын нийгмийн хөгжлийг харуулсан гэрэл зургууд, монгол эмээл, нум сум, бөхийн өмсгөл, мөнгөн бүс, аяга, бэлэг дурсгалын зүйлсээр үзэсгэлэн гаргаж, үндэсний хувцсаар гангарсан монгол залуучууд хүндэт зочдоо угтан авч үйлчилсэн нь  монгол-оросын харилцааны түүхийг болон монгол ахуй, зан заншлыг сурталчилсан, зочдын сонирхлыг татсан арга хэмжээ болов.

%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%bb%d1%82-5

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан Хүндэтгэлийн хүлээн авалт нь хоёр улсын хоорондын уламжлалт сайн хөршийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, томоохон арга хэмжээ болов.