БНКУ-ын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яам, Худалдааны танхимаас жил бүр хамтран зохион байгуулдаг, Латин Америк, Карибын орнуудад бизнес хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон боломж олгодог “Гаванын олон улсын үзэсгэлэн яармаг XXXIV” 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн яармагт Кубын Худалдааны танхимын ерөнхийлөгч Орландо Эрнандесийн урилгаар Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав Монголын бизнес эрхлэгчдийн найман төлөөлөгчийн хамт оролцож байна.
Кубын Худалдааны Танхимийн Дэд ерөнхийлөгч хатагтай Одалис Сейхо МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзав. Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Ц. Батбаяр уулзалтанд байлцав.
Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, хоёр орны хувьд эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, харилцан хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлж, бие биенээ дэмжиж ажиллах бүрэн боломж байгаа тухай талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.