Бүгд Найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотноо 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд зохиогдож буй “Гавана балет” олон улсын фестивальд Монгол Улсын Соёлын Элч, МУГЖ, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Гавана балет” фестиваль нь балетийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд энэ удаагийн фестивальд Бельги, Бразил, Канад, Өмнөд Солонгос, Их Британи, АНУ, ОХУ, Монгол зэрэг 16 улсын шилдэг балетчид оролцож байгаа аж.
МУГЖ Д.Алтанхуяг фестивалийн үеэр алдарт “Le Corsaire” бүжгин жүжигт Кубын балетын үндэсний театрын гоцлол бүжигчин Жинетт Мончотой хамтран гоцлон бүжиглэх юм.
Дэлхийн шилдэг найман балетчны нэг, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин МУГЖ Д.Алтанхуяг нь 2015 онд Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон бөгөөд сонгодог урлагийн салбарт гаргаж буй амжилт, бүтээлүүдээрээ улсынхаа нэрийг олон улсын тавцанд өргөж яваа уран бүтээлч билээ.