НҮБ-Д ЭЛСЭХЭЭР ГАРГАСАН ӨРГӨДЛҮҮД
- НҮБ-ын дүрэмд заасан зорилго, зарчмууд БНМАУ-ын баримталж ирсэн бодлогод нийцэж байсан учир НҮБ-ын дүрмийн 4-р зүйлийг баримтлан БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг хүсч анх 1946 оны 06 дугаар сарын 21-нд өргөдөл өгчээ /монгол хэлээр, /кирилл үсгээр/, англи хэлээр/.
Уг өргөдлийг НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар 1946 оны 06 дугаар сарын 24-нд хүлээн авсан байна.
- БНМАУ-ын Засгийн газраас 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус улсыг НҮБ-д элсүүлэх асуудлыг Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий ассамблейн 3-р бага хуралд дахин авч хэлэлцэхийг хүсч хоёр дахь удаагаа өргөдлөө НҮБ-д өгчээ. /монгол хэлээр, /кирилл үсгээр/ , англи хэлээр/.
1948 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал илгээжээ. Уг захидалд: Парис хот. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгве Ли Танаа: НҮБ-ын гишүүнд элсэх тухай БНМАУ-аас 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явуулсан хүсэлтийн дээр доор дурьдсан илэрхийлэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий ассамблейд уламжлан өгөхийг БНМАУ-ын Засгийн газрын өмнөөс Танд хүсэх завшаан надад тохиолдсон бөгөөд үүнд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн даалгавраар илэрхийлэх нь:
БНМАУ нь НҮБ-ын зорилго ба зарчмуудыг бүрэн зөвшөөрч, НҮБ-ын дүрмээс үндэслэн гарах бүх үүргүүдийг хүлээн авах бөгөөд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлсэн өдрөөс эхлэн тэдгээр үүргийг гуйвалтгүй биелүүлэхийг илэрхийлмуй” гэжээ /захидал/.
- НҮБ-д элсэх хүсэлтэй ардын ардчилсан орнуудаас НҮБ-ын ЕА-н 10-р чуулганд дахин өргөдөл гаргаж байгааг харгалзан бусад орнуудын адил дахин хүсэлт гаргах нь зүйтэй хэмээн үзсэнээр гурав дахь удаагаа 1955 оны 09 дүгээр сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэн авахыг хүсч дахин өргөдлөө сэргээн өгсөн байна. /монгол хэлээр, англи хэлээр/.
- МАХН-ын Төв хорооны УТТ-ны 1956 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын 289 дүгээр тогтоолоор БНМАУ-ыг НҮБ-д авах тухай өргөдлийг дахин гаргахаар шийдвэрлэж өргөдлийг хавсралтаар баталжээ. БНМАУ-ын Засгийн газраас 1956 оны 09 дүгээр сарын 14-нд НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг хүссэн өргөдлөө дахин сэргээн тавьжээ. /монгол хэлээр, англи хэлээр/.
- НҮБ-ын өндөр зорилт ба зарчмаар зоригжин байгаа улс түмний аюулгүй байдал, энх тайвныг бататгах ба бэхжүүлэх ариун сайхан зорилгыг биелүүлэхийн төлөө нэгдсэн үндэстэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлэн БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-ын гишүүнд элсэх тухай өргөдлөө тав дахь удаагаа 1957 оны 09 дүгээр сарын 01-нд сэргээн тавьжээ. /монгол хэлээр, англи хэлээр/.
НҮБ-ын гишүүнд элсэх тухай хүсэлтийг сэргээн тавьсантай холбогдуулан БНМАУ-ын тухай меморандум гаргав /англи хэлээр/.
НҮБ-ЫН ГИШҮҮН БҮХ УЛСЫН ПАРЛАМЕНТАД ХАНДАН УРИАЛГА ГАРГАВ.
1957 оны 07 дугаар сарын 08-нд БНМАУ-ын гурав дахь удаагийн Их Хурлын нэгдүгээр чуулганаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсэх явдлыг дэмжих тухай “НҮБ-ын гишүүн бүх улсын парламентад“ хандсан уриалга батлан гаргав. Уриалгад НҮБ-д элсэх тухай БНМАУ-ын шудрага хүсэлтийг дэмжсэн орнуудын парламентад гүн талархлаа дэвшүүлж, БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлын талаар өөрийн оронд олон нийтийн үнэн бодит санал сэтгэлийг бий болгоход тус дөхөм үзүүлж, үндэстнүүдийн их холбоонд зохих байр сууриа ойрын ирээдүйд эзлэхэд нь монголын ард түмэнд дөхөм үзүүлнэ гэдэг Их Хурлын депутатууд итгэж байгаагаа илэрхийлсэн байна. /монгол хэлээр, англи хэлээр/.
НҮБ-ЫГ ДЭМЖИХ МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ БАЙГУУЛАГДАВ.
Аюулгүй энх тайвнаар давшин хөгжих ариун сайхан зорилгод хүрэхийн төлөө янз бүрийн үндэстний хамтран чармайх явдалд нэн их ач холбогдолтой НҮБ-ыг нийтэд таниулахын чухлыг ухамсарлан НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэг 1957 оны 08 дугаар сарын 01-нд байгуулагдав. Тус нийгэмлэгийн зорилго нь “энх тайвныг сахин бататгах ба улс түмний харилцан ойртох хамтран ажиллах явдалд чухал үйлдлийг бүтээх зорилттой НҮБ-ын зорилго зарчмыг бүх аргаар нийтэд таниулах, улс түмний эв санал, дэлхий дахины хамтран ажиллах мэдрэлийг хөгжүүлэхэд тус дөхмийг үзүүлэх явдал болно” гэж дүрмэндээ заажээ.
НҮБ-ЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛОВ
Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас Чингэлтэй дүүргийн Найрамдлын хороодын дэвсгэрээр баруун зүүн тийш явсан Энхтайвны гудамжийг 1958 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрэмжит гудамж болгон өөрчлөх шийдвэрийг гаргав. /шийдвэр/
БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР МЭДЭГДЭЛ ГАРГАВ
1960 оны 12 дугаар сарын 06-нд БНМАУ-ын Засгийн газраас мэдэгдэл гаргаж хөгжил цэцэглэлтийн замаар дэвшин хөгжиж яваа бүрэн эрхт, тусгаар тогтносон БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ нэрийн өмнөөс шаардаж байгаагаа илэрхийлжээ /мэдэгдэл/.
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ГИШҮҮН БОЛОВ.
БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор НҮБ-д манай улс гишүүнээр элсэн орох тухай асуудлыг хэлэлцэхэд оролцох БНМАУ-ын төлөөлөгчдийг доорх бүрэлдэхүүнтэй баталжээ. /тогтоол/
Үүнд: Д.Цэвэгмид-ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд /төлөөлөгчдийн тэргүүн/, Б.Жаргалсайхан-Элчин сайд, Б.Дашцэрэн-Гадаад яамны хэлтсийн эрхлэгч, О.Дамдиндорж-Гадаад яамны хэлтсийн эрхлэгч
1961 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хэлэлцэв. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд үг хэлсэний дараа гар өргөх журмаар ил санал хураалгаж 11 гишүүн улсаас 9 нь дэмжсэнээр БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай санамжийг баталсан байна /Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 26-ны өглөөний 05 цаг 18 минутад/. /АЗ санамж бичиг/
1961 оны 10 дугаар сарын 27-ны 15 цагаас /Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны өглөөний 04 цаг/ БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар хэлэлцэв. Чуулганы даргаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн гэж тооцох уу гэхэд чуулганы төлөөлөгчид алга ташин баталсанаар БНМАУ НҮБ-ын гишүүнээр батлагдав. /ЕА тогтоол/ НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарийн газрын Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болж хууль ёсны байраа эзлэв /Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны өглөөний 04 цаг 15 минутад/.
- 1961 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт БНМАУ-ын төрийн далбааг НҮБ-ын байрны өмнө мандуулав.
- 1961 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 372 дугаар тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж Б.Жаргалсайханыг БНМАУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр тохоон томилжээ. /эрхийн үнэмлэх/.