Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Байнгын хорооны дарга Луиз Лауро Фильотой 10 дугаар сарын 25-нд Конгрессын ордонд уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд харилцаа хөгжүүлэх талаар санал солилцож, улмаар төлөөлөгч Луиз Лауро Фильо 2013 онд Бразилийн Төлөөлөгчдийн танхимд байгуулагдсан Бразил, Монголын Парламентын найрамдлын бүлгийг ахлах Элчин сайдын саналыг баяртайгаар хүлээн авав.
Мөн талууд ирэх жил тохиох Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Парламент хооронд харилцан айлчлал зохион байгуулах чиглэлээр ажиллахаар санал нэгдлээ.