Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Олон улсын шатрын холбоо хамтран 10 дугаар сарын 23-ны өдөр “Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Зөвлөлт Холбоот Улсад 1937-1946 онд Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээн”-ийг Оросын шатрын холбооны Төв байранд зохион байгуулав. Уг тэмцээнд ОХУ-д суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэд өргөнөөр оролцов.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн, цаашлаад ДТГ-ууд хооронд нөхөрсөг харилцааг бий болгох, бэхжүүлэх сайхан боломж тохиож буйд сэтгэл хангалуун байна. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Элчин сайд Ж.Самбуу шатар шимтэн тоглодог байсныг бид бүгд мэднэ. 1941 онд гадаад орнуудын ДТГ-ын бүх төлөөлөгчид Москвагаас нүүсэн байсан үед гагцхүү Элчин сайд Ж.Самбуу Москва хотноо үлдэж, эх орноо төлөөлөн ажиллаж байсныг түүх гэрчилнэ. Эх орны дайны хамгийн хүнд бэрх үед манай ард түмэн ийнхүү фашизмын эсрэг тэмцэлд нэгдсэн анхны орон – Монгол Улсын Элчин сайд тэрээр 1955 онд Монгол Улсыг Олон улсын шатрын холбоонд элсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн манай нэртэй төрийн зүтгэлтэн юм. Өдгөө бид энэхүү эрхэм хүмүүнийг эргэн дурсаж, түүний нэрэмжит шатрын тэмцээнийг 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг өөрийн байгууллагын ивээл дор зохион байгуулж, шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч К.Н.Илюмжинов болон тус тэмцээнийг өөрийн байгууллагын байранд зохион байгуулж, бүхий л хэлбэрээр туслалцаа үзүүлж буй Оросын шатрын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбооны Дэд-Ерөнхийлөгч А.В.Филатов Танд талархал илэрхийлье” гэж хэлэв.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч К.Н.Илюмжинов Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээний хамгийн залуу оролцогч болох 12 настай Г.Ариунжаргалтай нөхөрсөг тоглолт хийв.
“Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээн”-д нийт 42 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тоглолт швейцар системээр нийт 9 өрөг тоглогдож аваргаа шалгарууллаа.
Тэмцээний ялагчаар Олон улсын шатрын холбооны мастер, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн сургуулийн оюутан Б.Баярмаа 9 онооноос 7.5 оноо авч Монгол урлалын шатар, өргөмжлөл, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох урилгаар тус тус шагнагдав.
Тэмцээний дэд байранд шалгарсан Олон улсын шатрын холбооны мастер, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ростислав Таборски, гутгаар байранд шалгарсан Обнинскийн үндэсний цөмийн судалгааны их сургууь /МИФИ/-ийн оюутан, сонирхогч Г.Мөнхсүх нарыг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох урилгаар тус тус шагнав.
Монгол, Оросын “Найрамдлын сар” үргэлжилж байна.