НҮБ-ын суурин зохицуулагч,
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Транкман,
Эрхэм хүндэт зочид,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Эрхэм зочид Та бүхэнд энэ оройн мэнд дэвшүүлж, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ой, НҮБ-ын өдрийг тэмдэглэх арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон орчин цагийн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсээд эдүгээ 55 жилийн ойтойгоо золгож байна.
Хагас зууны тэртээ улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсын түвшинд батжуулах эрхэм үйлсэд гар бие оролцож, улсынхаа нэр хүнд, байр суурийг НҮБ-д бэхжүүлэх, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, 55 жилийн ой болон НҮБ-ын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье!
Тэртээ 1961 онд ердөө 19 оронтой дипломат харилцаатай байсан Монгол улс эдүгээ 186 улстай харилцаа тогтоож, НҮБ гэдэг дэлхийн улс үндэстнийг нэгтгэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй нэг гишүүн нь болжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа төдийгүй улс орны эдийн засаг, нийгэм, тогтвортой хөгжлийн түнш мөн.
Чөлөөт зах зээл, эдийн засгийн шилжилтийн үеийн хүнд бэрх цагт НҮБ голлох үүрэгтэйгээр хөгжлийн тусламжаа манай улсад үзүүлж байсныг бид ямагт санаж, талархаж байдаг. Ерээд онд манай улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 ам. доллартай тэнцэхүйц байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 10 гаруй дахин өссөн байна. Энэ нь Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын системийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа, тэднийг төлөөлж буй мэргэжилтүүд, ажилтнуудын уйгагүй ажлын нэг үр дүн мөн.
Далан нэгийн жилийн тэртээ дэлхий улс түмэн батламжилж байсан НҮБ-ын Дүрмийг орчин цагт ч бүх нийтээр эрхэмлэн дээдэлж, жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг гишүүн улс бүр НҮБ-ын өдрөө болгон тэмдэглэж байна.
Монгол Улс НҮБ-ын Дүрмээр хүлээсэн үүргээ чанд сахиж, эрхэм зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад бодит хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн.
Үүний нэг тод жишээ нь НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээрээ манай улс НҮБ-ын гишүүн 193 улсаас эхний 30 дугаарт эрэмблэгдэж, дэлхийн халуун цэгүүдэд манай цэнхэр дуулгатнууд олон улсын энх тайван, тогтвортой байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байна.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс цэргээ илгээж эхэлснээс хойш өнгөрсөн 14 жилийн хугацаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн нийт 10 гаруй мянган цэргийн албан хаагчиддаа энэ ойг тохиолдуулан мөн баяр хүргэж, талархал илэрхийлье!
Эрхэм зочид оо,
Өнгөрсөн жил НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаараа дэлхийн нийтийн хөгжил цэцэглэлийн төлөө, хүүхэд эмэгтэйчүүд, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө ирэх 15 жилийн хөгжлийн зорилтоо тодорхойлж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-өө баталсан. Түүнийг нэг ч иргэн үлдээлгүй эрх тэгш, үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө улс орнууд, төр засаг хичээж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгаж, бууруулах талаар дэлхийн нийт улс орнууд хамтын хүчээр чармайж, өнгөрсөн жил Парисын хэлэлцээрийг байгуулсан. Энэ түүхэн хэлэлцээр ирэх 11 дүгээр сард хүчин төгөлдөр болох гэж байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн энэ хүч чармайлтад Монгол Улс мөн идэвхтэй хувь нэмрээ оруулж, үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичиг, “Парисын хэлэлцээр”-ийг УИХ-аараа соёрхон баталж, хууль гаргаад байна.
Энэ нь улс орноо тогтвортой хөгжлүүлэх зорилтоо хэрэгжүүлэх, дэлхийн улс түмний үйл хэрэгт, тухайлбал, Парисын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохын төлөө НҮБ-ын бүрэн эрхт гишүүнийхээ хувьд Монгол Улс мөн хичээж тодорхой хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
Өнөөдөр бид ирэх таван жилд НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх 79 сая ам. долларын өртөг бүхий хөгжлийн тусламжийн хөтөлбөрөө эхлүүлж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Монгол-НҮБ-ын 55 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилт улам бүр өргөжин бэхжиж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улсаас оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.
Баярлалаа.