НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман,
Эрхэм зочид,
Хатагтай, ноёд оо,
“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, энэ өдрийн амгаланг айлтгая.
Нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх Монгол Улсын хүчин чармайлтад дэмжлэг туслалцаагаа тогтмол үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ, түүний төрөлжсөн болон системийн байгууллагуудад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь ирэх 5 жилд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын системийн байгууллагуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс гарах үр дүнг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.
Баримт бичгийг боловсруулахад манай төр, засгийн бүх байгууллага, иргэний нийгэм болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөгчид идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулсныг тэмдэглэж байна.
Ирэх таван жилд НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн уг хөтөлбөр нь үндэсний хөгжлийн стратеги, бодлого, зорилтууд тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-д төдийгүй өнгөрсөн жил НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаас баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй нягт уялдаж байгааг мөн тэмдэглэхийг хүсч байна.
Хөгжлийн тусламжийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ
- Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих;
- Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх;
- Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх
гэсэн 3 үндсэн зарчим, чиглэлийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх салбарыг хамарч, нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг НҮБ-аас манай улсад үзүүлж хамтран ажиллана.
Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсгөх, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орон болох зорилтыг тавьж, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
Төр, засгаас тавьж буй хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд НҮБ-аас үзүүлэх дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна.
Ирэх таван жилд энэ төсөл, хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, нэн ялангуяа өмнөө тавьсан хөгжлийн зорилтдоо хүрэхийн тулд тэдгээрийг хэрэгжүүлэгч бүх талуудын нягт хамтын ажиллагаа, салбар хариуцсан байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн уялдаа холбоо, түншлэл, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.
Тиймээс энэ үүрэг хариуцлагаа биелүүлэхийн төлөө, бодит үр дүнг гаргахын төлөө Монгол улсын Засгийн газар онцгойлон анхаарч ажиллах болно. Нөгөө талаас НҮБ-ын системийн байгууллагууд болон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч бүх талууд мөн хариуцлагатай ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ой тохиож буй энэ мөчид, НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсныг улс орон бүр тэмдэглэдэг НҮБ-ын Өдөр-ийг тохиолдуулан Та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.