Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

dsc_0040

Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад гардуулах ёслол 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын Төв байранд болов. Итгэмжлэх Захидал гардуулах арга хэмжээнд Ерөнхий захирлын ажлын албаны дарга Марио Любеткин, Ёслолын хэлтсийн дарга хатагтай Паола Дини болон ЭСЯ-ны Зөвлөх С.Даваадаш нар байлцав. Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж, Ерөнхий Захирал Де Силва нар харилцаа, хамтын ажиллагааны талаар товч ярилцаж санал солилцов.

ХХААБ-ын шугамаар олон арван төсөл амжилттай хэрэгжиж, ноён Де Сильваг Ерөнхий захирал болсноос хойш Монгол Улс, ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжиж, тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн Хуралдааныг Монгол Улс хүлээн авч зохион байгуулсныг Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтын үеэр онцлон дурдав. Ноён Де Сильва шинээр томилогдсон Байнгын Төлөөлөгчид баяр хүргэхийн ялдамд тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрыг бүрэн хэмжээнд нь нээн ажиллуулах шийдвэр гаргаж байгаагаа мэдээлэв. ХХААБ-ын Төлөөлөгчийн газар ийнхүү нээгдэж байгаа нь цаашид Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ, далайц нэмэгдэж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэх юм.  Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээн ажиллуулах болсон тухай мэдээ дуулгасанд талархаж байгаагаа Элчин сайд илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.