Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (ACД)-ний Дээд түвшний хоёрдугаар уулзалтанд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Элчин сайд Т.Төгсбилгүүн Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ “Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагаа, тухайлбал АСД-ийн хүрээнд гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн эрчимжүүлэх, ингэхдээ эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах, худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд энэ хүрээнд Монгол Улс бүс нутгийн орнуудтай хэлхээ холбоогоо (connectivity) бэхжүүлэх зорилгоор логистик, тээврийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаа”-г илэрхийлэв.
“Нэг Ази, ялгаатай хүчин чадал” сэдвээр болсон энэ удаагийн Дээд түвшний уулзалтанд Азийн нийт 34 орны төр, засгийн тэргүүн хийгээд өндөр түвшний бусад төлөөлөгчид оролцож, дэлхийн өсөлтийг дараагийн шатанд гаргахад Ази тивийн хүчин чадал, нөөц бололцоог дайчлан хамтран ажиллах талаар хэлэлцэж, санал бодлоо солилцов.
Дээд түвшний уулзалтаар “Азийн хамтын ажиллагаа-2030” Aзийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний зорилтууд, Бангкокийн тунхаглал, Уялдаа холбооны төлөөх түншлэлээр дамжуулж өсөлтийг хангах Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний мэдэгдэл зэрэг баримт бичгийг батлан гаргав.
Түүнээс гадна, АСД түүхэндээ анх удаагаа Дээд түвшний уулзалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан “АСД Коннект Бизнес-Форум 2016” зохион байгуулав. Бизнес-форумын үеэр АСД-ийн гишүүн орнуудад санхүүгийн технологиор дамжуулан Азийн орнуудын эдийг засгийн өсөлтийг дээшлүүлэх, дэд бүтцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хэлхээ холбоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.