Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДОӨБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 56 ДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН БОЛОВ

ДОӨБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 56 ДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН БОЛОВ

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулган Женев хотноо 10 дугаар сарын  3-11-ний өдрүүдэд хуралдлаа.  ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдсэн болон холбогдох бусад хороодын хуралдаануудад Монгол Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Л.Болормаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Г.Сарнай нар орж ажиллав.

q

Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулганы 10 дугаар сарын 3-ны өдрийн нээлтийн хуралдаанд оролцож, төлөөлөгчдийн тэргүүний хувьд үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “ДОӨБ-ын зүгээс хэрэгжүүлж буй хөгжлийн төлөөх үйл ажиллагааг сайшаан дэмжиж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оюуны өмчийн оруулах хувь нэмрийг онцлохын зэрэгцээ Монгол Улсад технологи, инновацийн төвүүдийг байгуулан чадавхийг бэхжүүлэх, Монголын барааны тэмдэг, патент, бүтээгдэхүүний загварын мэдээллийн санг ДОӨБ-ын барааны тэмдгийн, патентийн болон бүтээгдэхүүний загварын нэгдсэн мэдээллийн сантай холбогдоход чиглэсэн ажлууд нь ДОӨБ-ын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байгааг онцлон тэмдэглэж, Монгол Улс ДОӨБ-ын гишүүн улсын хувьд тус байгууллагын үйл ажиллагаанд цаашид ч идэвхтэй оролцон ажиллах болно” гэдгийг илэрхийлэв.

Төлөөлөгчид “Хараагүй, харааны бэрхшээлтэй эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ” хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Марракешийн гэрээний ассамблейн анхдугаар хуралдаанд үг хэлж оролцон уг хэлэлцээрийг үр өгөөжтэй, амжилтай хэрэгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, үйл ажиллагааг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлэв.

Хуралдааны үеэр буюу 10 дугаар сарын 6-ны өдөр болсон тус байгууллагын Гаагийн Холбооны Ассамблейн 36 дахь удаагийн хуралдааныг тус ассамблейн даргаар улиран сонгогдсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэн Г.Сарнай даргалав.

w

Монгол Улс нь ДОӨБ-ын гишүүнээр 1979 онд элссэн бөгөөд 2015 оноос эхлэн тус байгууллагын Зохицуулах Хорооны гишүүнээр хоёр жилийн хугацаагаар анх удаа сонгогдон ажиллаж байна. Монгол Улс эдүгээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хариуцаж буй аж үйлдвэрийн өмчид хамаарах 10 гэрээ хэлэлцээр, зохиогчийн эрхэд хамаарах дөрвөн гэрээ хэлэлцээрт нэгдэн ороод байна.