- ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДАГАЖ МӨРДӨХ ТҮР ДҮРЭМ-1927 ОН
Улсын 3-р их хурлын тогтоол ёсоор харъяат яамны дагаж явах дүрмийг төлөвлөн зохиож батлан тогтоолгохоор дүрмийн төслийг бэлтгэн Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Энэхүү төслийг Засгийн газраар хэлэлцээд “төлөвлөсөн дүрмийн дотроо хэлтэс, салаа зэргийг нэмэгдүүлсэн нь хараахан чирэгдэлтэй болох учраа хэлтэс, салаа нэмэгдүүлэхийг хэрэгсэхгүй болгон дүрмийг өөрчлөн залруулан ирүүлж тогтоолговоос зохих явдлыг харьяат яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтоосон” байна. ГЯЯ бүтцэд нэмсэн хэлтэс, салааг хасч “яамны дүрмийг үүрд дагаж явахаар төлөвлөвөөс зохивч, манай яамны хэлтэс, салаа, орон тоо нэн цөөн болох нь энэ завсараа албан хэрэг улмаар нэмэгдэж, элдэвт хүрэлцэхгүй боогдолтой болж буй дээр дараагаар манай улс Дундад Иргэн Улсын зэрэг гадаад улс лугаа найрамдал холбоо байгуулах аваас элдэв хэрэг үлэмж болох тул, эдүгээгийн хэдэн хэлтсийн төдийгөөр албыг явуулж хэрхэвч чадахгүй болох учраа, энэ удаад дагаж явах түр дүрэм хэмээн төлөвлөж” дахин мэдүүлсэн байна. ГЯЯ-ны дагаж мөрдөх түр дүрмийг БНМАУ-ын Засгийн газар 1927 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолын 2-р зүйл, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 14 дүгээр хурлын 1-р зүйлээр тус тус баталсан байна. Энэхүү түр дагаж мөрдөх дүрэм нь 4 бүлэг 22 зүйлтэй байсан. /1927 оны түр дүрэм кирилл үсгээр/.
- ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДҮРЭМ -1931 ОН
БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар хурлын тогтоолын 5-д “ГЯЯ-ны дүрмийг батлах тухай хэлэлцээд зүйтэй болох тул баталж УБХ-ын тэргүүлэгчдийн газарт явуулахаар тогтоосугай” гэжээ. Энэхүү дүрмийг 1931 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 11-р хурлын тогтоолоор баталсан байна.
- ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДҮРЭМ -1933 ОН
1933 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 29-р хурлын тогтоолын 4-рт “Гадаад яамны дэд сайд нөхөр Дугаржаваас тус яамны шинэчлэн төлөвлөсөн дүрмийг батлуулахаар төлөвлөсөн тухай хэлэлцээд эл дүрэм зүйтэй болсон тул ёсоор болгон баталж улмаар УБХ-ын тургүүлэгчдэд явуулан батлуулж гүйцэтгүүлэхээр тогтов” гэжээ. Дүрмийн 6-р зүйлд “үүний урьд 1931 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газраас батлан тогтоож мөн Засгийн газрын 7-р сэтгүүлд зарлан нийтэлсэн ГЯЯ-ны тухай дүрэм хүчингүй болмуй” гэжээ.
- ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДҮРЭМ -1941, 1946 ОН
ГЯЯ-ны орон тоо, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1941 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаар хурлын тогтоолоор /11-р асуудал/ ГЯЯ-ны дүрмийг батлах тухай хэлэлцээд “энэхүү дүрэм зүйтэй тул ёсоор батлав” хэмээн тэмдэглэлээр батлаад 1933 оны 29-р хурлаар батлагдсан хуучин дүрэм нь хүчингүй болсон байна. /1941 оны дүрэм уйгаржин монголоор/, /1941 оны дүрэм кирилл үсгээр /. 1946 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн 03 дугаар хурлын тогтоолоор энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлд найруулгын засвар оруулжээ /1946 оны тогтоол/.
- ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДҮРЭМ -1983 ОН
1983 оныг дуустал 1941 онд батлагдсан дүрэм мөрдөгдөж байв. БНМАУ-ын гадаад харилцаа жилээс жилд өсөн өргөжиж ГЯЯ-ны эрхлэх ажил, эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалтад гарсан чанарын өөрчлөлтийг тусган дүрмийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болжээ. Энэ үндсэн дээр ГЯЯ-ны шинэ дүрмийг боловсруулсан байна. Дүрмийн төслийг 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яамны коллегийн хурлаар хэлэлцсэн байна. Дүрмийн төслийг 1982 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНМАУ-ын СнЗ-д өргөн мэдүүлжээ. 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр СнЗ-ийн Товчооны хурлаар үндсэнд нь зөвшөөрч, төслийг МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд танилцуулахыг зөвлөсөн байна. МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүрмийн төсөлтэй танилцаад ГЯЯ бол улс төрийн байгууллага мөн бөгөөд зорилт үүргийн талаар салбарын яамдаас ялгаатай болохыг тэмдэглэж, дүрмийн төслийг МАХН-ын ТХ-оор урьдчилан зөвшөөрүүлж, СнЗ-өөр батлуулах чиглэл өгчээ. Дүрмийн төслийг 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГЭТ/287 дугаар албан бичгээр МАХН-ын ТХ-нд хянан үзэж шийдвэр гаргаж өгөхийг хүсэн хүргүүлжээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор ГЯЯ-ны дүрмийг баталж 1941 оны дүрмийг хүчингүй болсонд тооцсон байна /Тогтоолд хуучин дүрэм батлагдсан Монгол Улсын 31 оныг 1931 он гэж андуурсан бололтой/ /1983 оны дүрэм/.
- ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДҮРЭМ-1990 ОН
Яамны нэр, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаар тогтоолоор “Гадаад харилцааны яамны дүрэм”-ийг шинэчлэн баталж, 1983 оны 341 дүгээр тогтоолоор батлагдсан ГЯЯ-ны дүрмийг хүчингүй болсонд тооцсон байна /1990 оны дүрэм/.
- ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДҮРМИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ.
1994 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор яам тусгай газрын нийтлэг дүрэм, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталжээ. Энэхүү нийтлэг дүрмийг “Яам тусгай газрын эрх зүйн байдлын тухай хууль” батлагдах хүртэл түр мөрдөхөөр заасан байна.
Тогтоолын 3-р хавсралтаар яамдын дүрмийг баталсан Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болгосон байна. Энэхүү хавсралтын 2-рт Гадаад харилцааны яамны дүрмийг батлах тухай Засгийн газрын 1990 оны 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ /1994 оны тогтоол/