Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Манчестер хотын Монголчуудын Холбоо, Монголын Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбартай хамтран Монголын үндэсний спорт тоглоом – “Шагайн харваа”-г сурталчилан таниулах үүднээс соёл, спортын өдөрлөгийг 10 сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Боксын Олон улсын хэмжээний мастер, мэргэжлийн боксын Британийн аварга С.Шинэбаярын “Shinny’s Gym” цогцолборт болсон өдөрлөгт Манчестер, Ноттингэм, Бирмингэм хотуудад амьдарч, суралцаж байгаа 100 орчим иргэд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Лондон, Манчестер хотын шагайн харвааны дөрвөн багийн хооронд тоглолт, цуваа харвааны тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан болж, Манчестер хотод сурч буй оюутнууд урлагийн тоглолт тусгайлан бэлдэж, Монгол үндэсний хөгжим, бүжгийн үзүүлбэр үзүүлэв.
Түүнчлэн Манчестер хотод бизнес эрхэлдэг залуучуудын төлөөлөл болох С.Шинэбаяр, Д.Батбаяр, Д.Өнөр, М.Батжаргал нар санаачилан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зүрх” ТББ-д хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байуулав.
Мөн ЭСЯ-ны зүгээс консулын болон нотариатын үйлчилгээ зохион байгуулж, иргэддээ гадаад паспортын хугацаа сунгах, итгэмжлэл гэрчлэх болон нотариатын бусад үйлчилгээ үзүүллээ.