Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрШӨЛТЭЙ ХООЛНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД “БАНТАН” ХООЛООР ОРОЛЦОВ

ШӨЛТЭЙ ХООЛНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД “БАНТАН” ХООЛООР ОРОЛЦОВ

 

Словак улсын хоёр дахь том хот болох Кошице хотын захиргаанаас жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулдаг Шөлтэй хоолны олон улсын фестивальд тус улсад оршин суугаа Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Монгол-Словакын Анд нөхдийн нийгэмлэг” ТББ Монгол үндэсний бантан хоолоор оролцож, өөрийн улсын соёл, уламжлал, ёс заншлаа сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Фестивалийн гол зорилго нь олон үндэстний соёл, заншлыг Кошице хотын иргэдэд сурталчилах явдал юм.

123

“Монгол-Словакын Анд нөхдийн нийгэмлэг” ТББ нь тус арга хэмжээнд гурван жил дараалан оролцоход Кошице хотод суугаа Өргөмжит консул Петер Славик дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилласан бөгөөд энэ жилийн арга хэмжээнд язгуур урлагийн “Дүнжингарав” хамтлаг хүрэлцэн ирж, үндэсний дуу, хөгжмийн дээжээс сонирхуулснаас гадна Монгол гэр барьж хүрэлцэн ирсэн зочдод Монгол үндэсний ахуй, соёл уламжлалын талаар танилцууллаа.

Фестивальд 3500 гаруй иргэд хүрэлцэн ирснээс хоёр мянга орчим иргэд тус хотод анх удаа баригдсан Монгол гэрээр зочлон, бантан хоолноос амталсан бөгөөд иргэдийн саналаар хамгийн сонирхол татсан үзмэрээр Монгол гэрийн сурталчилгаа шалгарсан байна.

12

Тус арга хэмжээнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам оролцож Кошице хотын захирагч Рихард Рашитай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон иргэдийн асуудлаар санал солилцож ярилцлаа.