Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮСИЙН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮСИЙН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

%d1%84%d1%84%d1%84

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүсийн хурал “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн ивээл доорх Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази, Номхон далайн төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурал хоёр өдөр үргэлжилнэ.

Соёлын биет бус өвийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг ЮНЕСКО  онцолж, энхтайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын яриа хэлэлцээнд хувь нэмрээ оруулах үндсэн үүргийнхээ хүрээнд мэдээлэл харилцан солилцох, түгээх асуудлыг дэмжиж, бүсийн болон дэд бүсийн түвшинд олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг юм.

Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны конвенц батлагдсанаас хойш 170 орон түүний дотор Зүүн Хойд Азиас Япон (2004), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (2004), Бүгд Найрамдах Солонгос Улс (2004), Монгол Улс (2005), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (2008) гэх 5 улс тус конвенцийг соёрхон баталсан байдаг. Түүхийн урт удаан хугацааны туршид Зүүн Хойд Ази нь соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн төдийгүй сүүлийн жилүүдэд соёлын биет бус өвийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлогоороо манлайлж байна. Тухайлбал, дэлхий дээр нийт 391 соёлын биет бус өв бүртгэгдсэнээс 93 нь Зүүн Хойд Азиас бүртгэгдсэн байдаг ба үүнээс Япон Улс 22, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 38, Бүгд Найрамдах Солонгос Улс 18, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 2, Монгол Улс 13 соёлын биет бус өвийг тус тус бүртгүүлээд байна.

%d1%81%d1%81%d1%81%d1%91%d1%91%d1%91%d1%91

Зүүн Хойд Азийн орнуудын дунд соёлын биет бус өвийн мэдээлэл солилцох сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны бүсийн хурлыг 2014 онд анх зохион байгуулж байсан түүхтэй. Ийнхүү 2 дахь удаагийн энэхүү бүсийн хурал нь соёлын биет бус өвийн чиглэлээр мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтын ажиллагааны арга замуудыг олж илрүүлэх, ялангуяа дэд бүсийн хамтын ажиллагаа болон сүлжээгээр дамжуулан соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаагаараа онцлог юм.