Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Жакоб Зумад 10 сарын 04-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ж.Зума Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Өмнөд Африкийн Засгийн газар Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гээд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Элчин сайд Ч.Баярмөнх Өмнөд Африкийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яам, Эрдэс баялагийн яам болон Хөдөө аж ахуй яамны удирдлагууд, тус улсад суугаа гадаадын зарим ДТГ-ын тэргүүн нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Өмнөд Африкт ажиллаж, амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, консулын шаардлагатай үйлчилгээ үзүүллээ.