БНЧУ-ын Острава хотод “Монголын байлдан дагуулалт, XIII-XIV зууны Евразийн бүс нутгийн хөгжилд түүний үзүүлсэн нөлөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 5-наас 8-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Острава хотын Их сургуулийн Философийн факультетээс зохион байгуулсан бөгөөд Монгол улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Морав Силезийн муж, Острава хотын захиргаа хамтран оролцож дэмжлэг үзүүлжээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэнд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам үг хэлж Монгол судлалыг дэмжин өргөжүүлэх талаар Монгол улсаас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Хурлын үеэр Чех, Орос, АНУ, Польш, Унгар, Хятад, Герман, Турк, Монгол зэрэг есөн орны эрдэмтэн судлаачид 32 илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Тухайлбал, бага хуралд Чехийн Карлын их сургууль, Масарикийн их сургууль, Остравагийн их сургууль, АНУ-ын Йоркын их сургууль, Бээжин, Хөх хот, Урумчийн их сургууль Польшийн Вроцлавын их сургууль, Туркийн Истанбулын их сургууль, Унгарын Будапештийн их сургууль, МУИС, МУБИС, ОХУ-ын ШУА-ийн Оросын түүхийн хүрээлэн, Татарстаны ШУА-ийн Түүхийн хүрээлэн зэрэг Евразийн бүсийн улс орнуудын нэр хүндтэй их сургууль, судалгааны төвүүдийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Түүнчлэн бага хуралд оролцогсод 1241 онд Бат хааны цэрэг Польшийн Легницийн талд Польш, Герман, Силезийн цэргийн нэгдсэн хүчтэй тулалдаж ялсан түүхэн газарт зочилов.
Монголчуудын Евразийн хөгжилд үзүүлсэн нөлөөллийг олон улсын хэмжээнд ийнхүү хэлэлцэж, энэ талаар БНЧУ-ын хэвлэл мэдээллээр өргөн хүрээнд нэвтрүүлжээ.