Вена хотын Дэлхийн музей, Австрийн Урлагийн түүхийн музей, Монгол Улсын Их сургууль, Хархорин музей, Богд хааны музей хамтран Австрийн Вена хотноо гаргаж буй “Nomadic Artefacts” үзэсгэлэнд Эрдэнэ зуу хийдийн хамба лам Баасансүрэн 10 дугаар сарын 4-ний өдөр “Монгол дахь Бурханы шашны хөгжил, Эрдэнэ зуу хийдийн хувь нэмэр” сэдвээр лекц уншив.
Тэрээр “Эрдэнэ зуу хийд нэгэн цагт 1500 лам хуврага ном хурж байсан, Монголын анхны Богд гэгээн Занабазарын өвөг эцгийн байгуулсан хийд бөгөөд манай эртний нийслэл Хархоринд байдаг. Та бүгдэд үзүүлж буй энэ үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн зарим нэг зүйлс Эрдэнэ зуу хийдтэй холбоотой эд өлгийн зүйлс байгаад баярлаж байна” гэв.
Уг үзэсгэлэнд Вена хотын Дэлхийн музейд хадгалагдаж буй Австрийн судлаач Ханс Ледерийн 1843-1921 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээс цуглуулсан, тухайн үеийн монголчуудын эдэлж хэрэглэж байсан ахуйн болон шашны эд өлгийн зүйлс болон тэдний ахуй амьдралыг харуулсан гэрэл зургийг олон нийтэд толилуулж байгаа юм.
Хамба лам Баасансүрэн 10 сарын 5-ны орой Венад ажиллаж амьдарч буй монголчуудтай уулзаж, монгол хэл дээр зарим нэг бурханы ном сургаалаас айлдахаар төлөвлөж байна.