Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш хүний эрхтэй холбоотой 30 орчим олон улсын гэрээнд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 19 конвенцид нэгдэн ороод байна.
Ийнхүү хүний эрхийн чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн улсын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей (ЕА), Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ) болон Хүний эрхийн хороо, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо зэрэг гэрээний байгууллагатай харилцаж, нэгдэн орсон конвенцийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын ээлжит илтгэлийг холбогдох хороодод нь боловсруулан хүргүүлж, хамгаалах ажлыг зохион байгуулах, НҮБ-ын мандат эзэмшигчидтэй хамтран ажиллах, манай оронд айлчлуулах, НҮБ-ын ЕА, ХЭЗ болон бусад байгууллагаар хэлэлцүүлдэг хүний эрхийн асуудлаарх тогтоол, шийдвэрүүдийн асуудлаар судалгаа хийж, манай улсын байр суурийг тодорхойлоход оролцох чиг үүргийг ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газар гүйцэтгэж байна.
Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баталсан 60/251 дүгээр тогтоолоор 1946-2006 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн НҮБ-ын Хүний эрхийн комиссын суурин дээр байгуулагдсан. Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын систем дэх засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцэж, байр сууриа илэрхийлж, тухайн асуудлаар зөвлөмж гаргах болон бусад арга хэмжээ авах чиг үүрэгтэй. ХЭЗ нь 47 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2015 онд Азийн 13 гишүүний нэг болж сонгогдсон.
Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд, хоёрдугаар илтгэлийг 2015 онд НҮБ-ын ХЭЗ-өөр тус тус амжилттай хэлэлүүлсэн бөгөөд ХЭЗ-өөс өгсөн нийт 150 зөвлөмжийг 2016-2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор батлуулсан. Төлөвлөгөөний биелэлтэнд тогтмол хяналт тавьж, дунд хугацааны хэрэгжилтийн тайланг 2017-2018 онд гарган НҮБ-д хүргүүлнэ.
Сүүлийн үед нэгдэн орсон олон улсын баримт бичгүүдээс дурдвал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протокол, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орсон байна.