Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 онд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 7.0 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжигдэх “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төслийн экспортын зээлийн гэрээнд Вена хотноо энэ 9 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр сэргээн сайжруулах технологи нэвтрүүлж, нийт 44 км шугам хоолойг засварлах юм.
Энэ төслийг Австрийн “Ар Ти ай Аустриа” компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай хамтран хэрэгжүүлэх юм.
Экспортын зээлийн гэрээ нь жилийн тэг хувийн хүүтэй, 17 жилийн хугацаанд эргэн төлөгдөх бөгөөд үүнээс эхний дөрвөн жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байгаа юм.