Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 60 ДУГААР ЧУУЛГАНД ЭЛЧИН САЙД Г.БАТЖАРГАЛ ҮГ ХЭЛЭВ

ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 60 ДУГААР ЧУУЛГАНД ЭЛЧИН САЙД Г.БАТЖАРГАЛ ҮГ ХЭЛЭВ

img_2624

Олон Улсын Атомын Энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 60 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Элчин сайд Г.Батжаргал чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй тус агентлаг  өнгөрсөн хугацаанд даян дэлхийд цөмийн аюулгүй байдлыг хангах үйлсийг урагшлуулах, цөмийн технологиор дамжуулан гишүүн орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийг хурдасгахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад Олон Улсын Атомын Энергийн агентлаг чухал үүрэг гүйцэтгэх учиртайг  тэмдэглэв. Тус чуулганы үеэр зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад цөмийн технологийг чиглүүлэх нь” сэдэвт шинжлэх ухааны чуулга уулзалт нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил болж байгааг тэрээр мөн онцлов.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах чиглэлд хүлээх үүрэг амлалтыг тодорхойлсон түүхэн ач холбогдолтой баримт бичиг болох Парисын хэлэлцээрт Монгол Улс  нэгдэн орсон тухай батламж бичгийг энэ 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо гардуулсныг тэмдэглэв.

Монгол Улс Агентлагт гишүүнээр элссэнээс хойш эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, эрчим хүч, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал ба аюулгүй ажиллагааны чиглэлээр үндэсний төслүүдийг Агентлагийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэ нь Монгол улсын төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрүүд, тэр дундаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, байгаль орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, техник технологийн шинэчлэл хийх, хүний нөөцийг бэлтгэхэд үр дүн өгч байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг тэрээр хэлсэн үгэндээ дурдав.

Тус чуулганы орлогч даргаар сонгогдсон манай улс энэ өдөр чуулганы үдээс хойших хуралдааны хэсгийг даргалсан байна.