Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 22-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын 15 дугаар уулзалтыг даргалав.
“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн уялдааг хангах нь” сэдвээр болсон энэ удаагийн уулзалтанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй болон Арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ачариа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ву Хонбо нар оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэв.
Дээрх уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсыг төлөөлж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөртэй үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд уялдуулан хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглээд эдгээр хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн ач холбогдлыг онцолж, тус төвийг байгуулах тухай Олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг гишүүн орнуудад уриалав.
Энэхүү уулзалтанд Азербайжан, Ботсвана, Буркино Фасо, Бутан, Зимбабве, Киргизстан, Лаос, Малави, Тажикистан, Парагвай зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, далайд гарцгүй орны өмнө тулгамдаж буй асуудлууд, цаашид хамтран ажиллах боломжийн талаар үг хэлж саналаа солилцов.
Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар энэ оны 9 дүгээр сард сонгогдон ажиллаж байна.