Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ҮЛГЭР ДОМГИЙН ГОВЬ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

“ҮЛГЭР ДОМГИЙН ГОВЬ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

БНЧУ-ын Пардубице мужийн Хрудим хотын орон нутгийг судлах музейд “Үлгэр домгийн говь” нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Пардубице мужийн Захиргааны ивээл дор уг үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр сарын туршид Чехийн үзэгчдэд Монголын говийн байгаль, ургамал, амьтад, хүн зоны аж байдал, ахуй амьдралыг танилцуулах юм.

Монгол үндэсний дээл хувцас, хөгжмийн зэмсэг, монгол гэр, ахуйн тавилга хогшил, жижиг хэрэглэлүүд, говийн амьтдын чихмэл, арьс үс болон говийн байгалийн гэрэл зураг, элсэн гадаргын загварчилсан үзмэр зэрэг бусад эд зүйлсээс бүрдсэн чамгүй баялаг үзмэрийг үзэгч олонд толилуулж байна. Үзэсгэлэнгийн үзмэрийг Монгол судлаач эрдэмтэн И.Шимагийн хувийн цуглуулга, Азийн бяцхан музейн үзмэр, Прага хотын амьтны хүрээлэнгийн ажилтан тахь судлаач, доктор Э.Кусын цуглуулгаас бүрдүүлсэн байна.

uzesgelen-1

Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Пардубице мужийн Захирагчийн орлогч хатагтай Я.Перницка, Орон нутгийг судлах музейн захирал хатагтай К.Хабартова, Монголч эрдэмтэн И.Шима, тахь судлаач эрдэмтэн Э.Кус нар оролцлоо. Үзэсгэлэн үзэхээр ирсэн нутгийн иргэд Пардубице хотод ажиллаж, амьдардаг Монголчуудын төлөөлөгчдийн бэлтгэсэн Монгол дууны бэсрэг концерт үзэж, Монголын яруу найргийн дээжээс тус хотын дунд сургуулийн сурагчид Чех хэл дээр уншихыг сонслоо.

uzesgelen-2

Үзэсгэлэн үргэлжлэх хоёр сарын хугацаанд доктор И.Шима, Э.Кус нар “Монголын говь”, “Говийн ховор амьтад”,” Монголын зан заншил, ахуй соёл” сэдвээр цуврал лекц уншихаар төлөвлөөд байна.