Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар, хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг, тухайлбал апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичгийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-нээс нэвтрүүлж байна.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр ГХЯ-нд хандан баримт бичгээ баталгаажуулж байгаа иргэд бэлэн болсон материалаа заавал өөрийн биеэр ирж авах шаардлагагүй, шуудангаар дамжуулан хүлээн авах сонголттой болж байна. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ДТГ-уудад гэрчлүүлсэн итгэмжлэл зэрэг баталгаажуулсан баримт бичгийг Монголд хүлээн авч буй иргэн нь өөрийн биеэр ГХЯ-нд ирэхгүйгээр шуудангаар дамжуулан хүлээн авах боломж нээгдэх юм.
“Монгол шуудан” ХК-ийн хувьд Монгол Улсын бүх аймаг, сумын төв дэх шуудангийн салбар, түгээгчээрээ дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой тул хөдөө орон нутагт оршин суудаг иргэд гадаадад амьдарч буй ах, дүү, хамаатан, садангийн хүнээс ирүүлсэн итгэмжлэлийг заавал Улаанбаатар хотод ирж, ГХЯ-наас өөрийн биеэр авах шаардлагагүй болох бөгөөд иргэдийн өмнө тулгардаг хүндрэлтэй байдлыг бүрэн арилгаж байгаагаараа ач холбогдолтой.
ГХЯ, ДТГ-т хандаж буй иргэд өөрөө хүсвэл,
- Шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөснөөр үйлчилгээ авах эрх нээгдэнэ,
- Шуудангийн үйлчилгээний төлбөрийг шууданг хүлээн авсны дараа хүлээн авагч этгээд төлнө,
- Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтой,
- Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.
Нэмэлт мэдээлэл
- Консулын газрын 2015 оны тайлан
- 514 Апостиль гэрчилгээ олгож,
- Иргэдийн 387 баримт бичигт консулын баталгаа гаргаж,
- Хилийн чанадад суугаа ДТГ-уудаас ирүүлсэн монгол иргэдийн 856 итгэмжлэлийг хүлээн авч, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.
- 2016 оны эхний 9 сарын байдлаар
- 6100 Апостиль гэрчилгээ олгож,
- Иргэдийн 8000 гаруй баримт бичигт консулын баталгаа гаргаж,
- Хилийн чанадад суугаа ДТГ-уудаас ирүүлсэн монгол иргэдийн 5000 орчим итгэмжлэлийг хүлээн авчээ.