Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяров, Нигер Улсын Гадаад хэргийн сайд Ибрахим Ясубу, Канад Улсын Гадаад хэргийн сайд Стефан Дион, Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Жюли Бишоп, Бүгд Найрамдах Тажик Улсын Гадаад хэргийн сайд Зохиди Сирожидин Мухридинович болон Израил улсын Гадаад хэргийн дэд сайд Ципи Хотовелитэй тус тус уулзав.
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяровтой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаарх бодитой судалгаа, шинжилгээний ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрбээр цааш нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг найрсаг Азербайжан Улс ойрын хугацаанд соёрхон батална хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Азербайжаны Гадаад хэргийн сайд манай хүсэлтийг анхааралтай судалж, холбогдох арга хэмжээ авахаа амлав.
Нигер Улсын Гадаад хэргийн сайд Ибрахим Ясубутай хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар мөн товч танилцуулж, тус төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Нигер Улс ойрын хугацаанд соёрхон батална хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан Үндэсний ассамблейгаар хэлэлцүүлэн соёрхон батлуулахаар төлөвлөж байгаагаа Нигер Улсын Гадаад хэргийн сайд Ибрахим Ясубу мэдэгдэв.
Канад Улсын Гадаад хэргийн сайд Стефан Дионтой хийсэн уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Канадын Парламентын Нийтийн танхимын даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг сайшаан, энэ үеэр гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв. Канад Улсын Гадаад хэргийн сайд С.Дион Канадын Хөгжлийн тусламжийн хүрээнд манай улсад 50 орчим сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид хэрхэн өргөжүүлэх боломжийг судалж үзэхийг санал болгов. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх нь ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, усны чиглэлд илүүтэй хөгжүүлэх нь чухал болохыг онцлов. Уулзалтын төгсгөлд Канадын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлах урилгатай болохыг дахин нотолж тааламжтай үедээ айлчлахыг хүсэв.
Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд хатагтай Жюли Бишоптой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Австрали Улсын Засгийн газраас Монгол Улсад оюутны сургалтын тэтгэлгийг сэргээн үргэлжлүүлэн олгож байгаа явдалд талархал илэрхийлээд, хатагтай Жюли Бишопыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг хүсэв. Гадаад хэрэг, худалдааны сайд хатагтай Жюли Бишоп Монгол Улсад айлчлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, товыг жич тохирохоо илэрхийлэв.
Бүгд Найрамдах Тажик Улсын Гадаад хэргийн сайд Зохиди Сирожидин Мухридиновичтай хийсэн уулзалтын үеэр талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд дамжин өнгөрөх тээвэр, чөлөөт худалдааны асуудал зэрэг ижил төстэй тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүд байдаг тул энэ чиглэлд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Уулзалтын үеэр Тажикийн Гадаад хэргийн сайд тус улсын хувьд усны асуудал нэн тулгамдаж буйн хувьд олон улсын усны 10 жилийн талаарх санаачлагыг хэрэгжүүлэх хугацааг дахин сунгаж, шинэчлэн боловсруулан “Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын усны 10 жил 2018-2028” тогтоолын төслийн хамтран зохиогчоор орохыг хүсэлт болгов. Монгол Улсын хувьд энэхүү тогтоолын хамтран зохиогчоор оролцож ирсэн гэдгээ дахин нотолж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биенээ харилцан дэмжих нь зүйтэй гэдгээ талууд илэрхийлэв.
Израил улсын Гадаад хэргийн дэд сайд Ципи Хотовелитэй хийсэн уулзалтын үеэр талууд 2008-2012 онд хоёр жил бүр зохиогдож байсан Монгол ба Израил улс хоорондын зөвлөлдөх уулзалт сүүлийн дөрвөн жил тасраад байгааг цаашид сэргээж тогтмолжуулах нь зүйтэйг санал нэгтэй тэмдэглэв. Сайд Ц.Мөнх-Оргил шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн Израил Улсын хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэндийн салбар төдийгүй хууль сахиулах, цагдаа, шүүх эмнэлэг зэрэг тодорхой чиглэлээр Монгол Улс туршлага судлах, оюутан солилцоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Израилын тал эдгээр салбарын туршлага, ноу хауг солилцох боломжийг хэлэлцэхэд бэлэн байна гэдгээ нотлов. Уулзалтын үеэр Израйлын тал тус улсын НҮБ-ын хүрээнд авч явдаг зарим тогтоол, санаачилгыг танилцуулж, дэмжиж ажиллахыг хүсэв.