Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.
Алс холоос эх нутгаа зорин ирж, хуран чуулж буй эрхэм хүндэт Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилье.
Дэлхийн 100 гаруй оронд ажиллаж, амьдарч байгаа 130 мянган Монголчууд маань өөрсдийн санаачилгаар эвлэлдэн нэгдэж, холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төв, сургуулиудыг үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү чуулга уулзалтад төлөөлөгчдөө илгээсэн хилийн чанад дахь нийт төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгүүдэд талархал илэрхийлье.
Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын анхдугаар чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайдын санаачилгаар 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бөгөөд өнөөдөр хоёр дахь удаагаа хуран чуулахаар бид цуглаад байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар бид хилийн чанад дахь монгол хэлний сургалт-сургуулийн асуудал, иргэдийн эрх-нийгмийн асуудал, давхар харьяалал-сонгуулийн эрхийн асуудал болон хилийн чанадад монголын соёл, урлагийн менежментийг хөгжүүлэх, түүнчлэн иргэдийн эх орны хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар тус тус дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх болно.
Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд бид дээрх асуудлуудаар харъяа яам, байгууллагуудтай хоёр талын уулзалтыг удаа дараа хийж, 9 дүгээр сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр салбар хуралдаануудыг амжилттай зохион байгууллаа. Салбар хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно.
Монгол Улсын Ерөнхий сайдаас ирэх 4 жилд гадаад харилцааг эдийн засагжуулах, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэмжин ажиллахыг үүрэг болгосны дагуу тус яам дээрх асуудлуудыг 2016–2020 онд гадаад харилцааны салбарт авч хэрэгжүүлэх ажлуудын тэргүүлэх чиглэл болгон ажиллана. Монголын бизнес эрхлэгчид, ААН-үүдэд боломжоороо тусалж чадсан уу, эдийн засгийн хүндрэлээс гарахад нь хувь нэмэр оруулж чадсан уу гэдгээр ГХЯ-ны удирдлага албан хаагчид болоод ДТГ-уудынхаа ажлыг дүгнэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, таатай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Бахархалт түүх, давтагдашгүй урлаг соёл, өв уламжлалаа гадаадад сурталчлах, Монголыг дэлхийд таниулах, улмаар олон улсын жуулчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэхийг зорьж ажиллах болно. Түүнчлэн, хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, дэмжиж ажиллахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монгол хүн бүр Монголын баялаг, тийм учраас хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд туслах, дэмжих, Монгол төрийн хайр халамжийг мэдрүүлэх, нэг ч гэсэн хүнийг сэтгэл тэнүүн, амьдралыг нь тав тухтай байлгах нь Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны нэг гол чиглэл байх болно.
Манай улсын олон зуун иргэд гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа ч эх орноо, элгэн саднаа гэсэн сэтгэл нь хэзээ ч харийн болж байгаагүй ээ. Монголчууд маань бор зүрхээрээ ажиллаж, хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж, тэтгэж байдаг. Хилийн чанадад байгаа монгол иргэдээс эх орондоо гуйвуулсан бэлэн мөнгө манай Үндэсний нийт бүтээгдэхүүний 2–3 хувийг эзэлж байна. Энэ бол бага тоо биш, манай иргэдийн гадаад орнуудад ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгө тэдний ар гэр, амьдрал ахуйд хэрхэн нэмэртэй байгааг бид бэлхнээ харж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанадад ажиллаж, сурч буй иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ манай иргэд хилийн чанадад ажиллаж амьдрахдаа тухайн улсынхаа ёс заншил, хууль дүрмийг чандлан хүндэтгэн сахиж, өөрийн болоод эх орныхоо нэр хүндийг ямагт бодож амьдрах учиртай. Та бүхнээр дамжин монгол хүн, монгол соёл, Монгол Улсын тухай ойлголтыг суугаа орны иргэд тань авч байгаа. Та нар бол жинхэнэ утгаараа суугаа орондоо Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар юм. “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэсэн ухаант өвөг дээдсийнхээ мэргэн сургаалийг байнга санаж, ажиллаж амьдрахыг захиж байна.
Манай яам хилийн чанад дахь монгол иргэн бүртэй холбоотой асуудлууд болох давхар харьяалал, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхааран ажиллаж байна. Дэлхийн 172 орныг хамруулсан эрх зүйн судалгаанаас үзэхэд давхар харьяаллыг 52 улс хүлээн зөвшөөрдөггүй, 49 улс хүлээн зөвшөөрдөг, 71 улс хүлээн зөвшөөрдөггүй боловч онцгой тохиолдолд зөвшөөрдөг. Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч амьдрал баян учраас хууль тогтоомжийн хүлээсэнд баригдалгүй, хэдийгээр хууль зөрчье гэж бодоогүй ч давхар харьяалал хүссэн хүсээгүй үүсч буй тохиолдол олон байна.
Зарим улсад төрсөн монгол хүүхэд тухайн орныхоо хуулиар төрсөн даруйдаа шууд тус улсын харьяат болдог. Иймэрхүү хөрсний зарчим жишээ нь АНУ-д байна. Монгол Улсын харъяатын тухай хуулиар “Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна” гэж заасны дагуу Монгол Улсын иргэний харьяаллыг давхар авч байна. 1998 оноос хойш хилийн чанадад 4880 хүүхэд төрснөөс 2181 хүүхэд дээрх байдлаар давхар харьяалалтай болсон. Монгол Улс эдгээр иргэдээ Монголын харьяатаар нь авч үлдэх, тэдгээрийн хууль ёсны эрхийг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас хөрсний зарчмаар иргэншил олгодог, хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг улсад Монгол Улсын иргэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, шаардлагатай улстай гэрээ хэлэлцээр байгуулах чиглэлээр Гадаад харилцааны яам ажиллана. Давхар харьяалалтай иргэдийн хувьд байнга оршин суугаа улсдаа улс төр, иргэний эрхийг эдлэхээс гадна үүрэг, хариуцлага хүлээх, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх, татвар төлөх, нийгмийн даатгалд хамрагдах, улс төрийн болон төрийн албан тушаал хаших, цэргийн алба хаах зэрэг асуудлыг зохицуулах шаардлагатай.
Давхар харьяалал үүсч буй өөр нэг тохиолдол нь давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөг улсын иргэнтэй гэрлэсэн, эсхүл ийм улсын иргэнд үрчлүүлсэн Монгол Улсын иргэнийг харьяатаас гарахыг шаардахгүйгээр тухайн улсын иргэншил олгодог асуудал юм. 1998 оноос хойш Монголоос 261 хүүхэд үрчлэгдэж, 5904 иргэн гадаадын иргэнтэй гэрлэсэн статистик байгаа боловч тэд бүгдээрээ давхар харьяалалтай болсон эсэх мэдээлэл одоогоор бүрэн авагдаагүй байна.
Эдгээр иргэд олон улсын эрх зүйн түгээмэл ойлголтоор хоёрдмол харьяалалтай болж байгаа учир манай хуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэхдээ эдгээр иргэдэд Монгол Улсад зорчих, оршин суухад нь хөнгөвчлөх, хөдөлмөр эрхлэх, нийгмийн даатгалд хамрагдахад тавигдах шаардлагуудыг хөнгөлөх боломжийг судлан үзнэ. Цаашдаа харъяаллын асуудлыг зохицуулсан олон улсын конвенцид нэгдэн орох нь олон улсын хэмжээнд давхар харьяаллыг хянах, бууруулах, онцгой тохиолдолд зөвшөөрөх зэрэг асуудлыг гишүүн орнуудын хувьд нэг мөр шийдэх эрх зүйн боломжийг нэмэгдүүлэх юм.
Сүүлийн жилүүдэд хилийн чанадад монгол иргэдийн эрх зөрчигдөх асуудлууд олноор гарч байна. Гадаад харилцааны яам иргэдийн эрх ашгийг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг эрх зүй, консул, дипломат арга хэрэгсэлд тулгуурлан боловсруулж, авч хэрэгжүүлэх болно. Монгол иргэд гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх саналыг гадаадын холбогдох улсад тавихдаа урт хугацааны зорилтоо тодорхойлж, яриа хэлэлцээний механизмыг бий болгон шат дараатай хэрэгжүүлэхийг хичээж ажиллана. Гадаад орнуудад зорчих визний хүндрэлээс болж үр хүүхдээ олон жилээр харахгүй элэг эмтэрч суугаа аав ээж нар олон бий. Залуу хосууд ч нийлж амьдарч чадахгүй, гэр бүл сарних явдал нь нийгмийн асуудал болж байна. Иймд юуны өмнө манай залуучууд, оюутнууд, бизнес эрхлэгчдэд гадаад улсын виз олгоход тавигдах шаардлагыг хөнгөвчлөх, цаашлаад манай иргэдэд тавигдах шаардлагыг иргэдийн амьдралын түвшин хангахуйц байх нөхцлөөр тохиролцох зарчмыг баримтлан ажиллана.
Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах бие төлөөлөгчид нь Та бүхэн билээ. Та бүхнээр дамжуулан дэлхийн сонорт Монгол гэсэн нэр цуурайтаж, монгол хүний оюун ухаан, хүч чадал, авъяас билэг үнэлэгдэж, монголын түүх, соёл, ёс заншил танигдаж байгаа. Гадаад харилцааны яамнаас монголын түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал болон нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын ололт амжилт, улс орны хөгжил дэвшлийг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд монгол судлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх асуудал чухал байр суурийг эзэлж байгаа. Наад зах нь өөрийн хүүхэддээ монгол хэл, монгол ахуй, үндэсний өв уламжлал, соёлоо зааж сурган өвлүүлэн үлдээхэд анхаарахыг Та бүхэнд захимаар байна. Хэдийгээр дэлхийн олон орны соёл, амьдрах хэв маягаас суралцаж байгаа ч монгол хүн болж төрсөндөө бахархаж, үндэснийхээ өв соёлоо тээж явагч, дэлгэрүүлэгч байхыг Та бүхэнд уриалъя.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаанд өндөр ач холбогдолтой чухал арга хэмжээнүүд боллоо. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдсон, АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан зэргийг энд дурдаж болно. Дэлхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлын төвд байдаг олон улсын арга хэмжээгээр дамжуулан улс орноо дэлхийд таниулах асар өргөн боломжууд бидэнд байна. АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй сэтгүүлчдийн бэлтгэсэн Монгол Улсын талаарх мэдээллийг дэлхийн 5 сая гаруй иргэд хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар үзлээ. Энэ бол АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалтын гол үр дүнгүүдийн нэг юм.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан хилийн чанад дахь монгол иргэдэд чиглэсэн цогц бодлого бүхий “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг манай яам мөн хариуцан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хилийн чанад дахь иргэдийнхээ нэгдсэн мэдээллийн санг бий болгох, гадаадад өндөр мэргэжлийн болоод эрдмийн ажил эрхэлж байгаа иргэддээ эх орныхоо хөгжилд алсаас өөрсдийн хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх, чингэхийн тулд хилийн чанад дахь Монголчуудын холбоог нэгдмэл болгох, цаашлаад олон улсын түвшинд хүрсэн НҮБ-д бүртгэлтэй Үндэстний холбоо болгон хөгжүүлэх явдал юм. Бидний зорьж, төлөвлөж буй бодлого, хөтөлбөрүүдийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал болохыг дахин тэмдэглэхийг хүсэж байна.
Хилийн чанадад суугаа Монголчууд маань Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярыг хамтдаа тэмдэглэж, спортын аливаа арга хэмжээ, соёл, боловсролын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байдаг сайхан уламжлалтай болжээ. Гадаад харилцааны яам, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороотой хамтран ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын дунд “Миний Монгол наадам” уралдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Монгол наадмаа дэлхий нийтэд сурталчлан таниулах бидний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, “Монгол наадам” маань таны суугаа орны ард иргэдийн хүсэн хүлээдэг соёлын арга хэмжээнүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Хилийн чанад дахь иргэдийнхээ дуу хоолой, санаа бодлыг сонсох, үйл ажиллагааг нь төрөөс дэмжих ажлыг шинэ түвшинд гаргахаар зорьж байгаа чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн сацуу нийт оролцогч, төлөөлөгч Та бүхний ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.