Олон үзэгчдийн анхаарлыг татсан “The Eagle Huntress” киноны гол дүр болох 13 настай бүргэдчин охины тухай Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлжээ.
Тус агентлагийн гэрэл зурагчин Ашер Свиденский Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар өөрийн блогдоо бичсэн бөгөөд / http://www.svidensky.com/blog/the-eagle-huntress/ 13 настай бүргэдчин охины талаар онцгойлон дурдсан байв. Хүүхдүүдийн дийлэнх нь бүргэдээс айж, ойртохоос зүрхшээдэг бол баруун Монголын казах хүүхдүүд 13 наснаасаа эхлэн бяцхан мөрөндөө бүргэд суулгаж, үнэг, туулайн ан хийхэд суралцдаг нь түүний сонирхлыг татжээ. “Бүргэдтэйгээ хамт байгаа нь үнэхээр гайхалтай. Тайван амгалан хэрнээ асар их хүч мэдрэгдэж байсан” хэмээн Ашер Свиденский 13 настай казах охины тухай бичжээ. Түүний нийтлэлийг сийрүүлэн хүргэе.
Монголын баруун хязгаарт, Алтайн уулархаг бүсэд аж төрдөг казахуудаас өөр бүргэдтэй ан хийдэг улс үндэстэн гэж үгүй. Одоогоор тэнд 400 орчим бүргэдтэй анчид бий. Харин Айшолпан Нургайв бол хашир анчны охин. Магадгүй бүргэдтэй анд суралцаж буй тэндхийн цорын ганц эмэгтэй байх.
Бүргэдтэй анчид -40 хэм хүртэл хүйтэрдэг тэсгэм өвлийн хүйтэнд анд гардаг. Ихэвчлэн хэд хэдээрээ нэгдэж, анд гарах бөгөөд морин дэл дээр уул ус гаталж, ойр орчмоо хангалттай сайн ажиглаж болохуйц өндөрлөг газарт хүрдэг. Ингээд үнэг, туулай зэрэг ангаа олж хармагц мөрөндөө суулгасан бүргэдийнхээ нүдний хаалтыг авч, сул тавина. Сул тавьсан бүргэд ангаа барьж чадахгүйд хүрвэл дараагийн бүргэдийг хүч хавсруулахаар “илгээдэг” аж. Бүргэдийн ан хийх чадвар байгалийн ер бусын хүчний нэгэн илэрхийлэл. “Үнэндээ бол бүргэдийг удирдаад байдаггүй. Ан хийлгэхээр сул тавина. Бүргэд ангаа хийнэ. Дараа нь түүнийг хэрхэн мөрөндөө буцааж авчирдаг байж таарах вэ? Үнэхээр л бүгд байгалийн хүчинд захирагдана”.
Бүргэдийг нас бие гүйцээгүй байхад үүрнээс нь авч, тэжээж, ан хийж сургадаг. Бие томтойг нь бодолцож ан хийхэд голдуу эмэгчин бүргэдийг сонгодог байна. Нас биед гүйцсэн эмэгчин бүргэд дунджаар 7 кг жинтэй, далавчны урт 230 см болдог. Хэдэн жилийн турш тасралтгүй ан хийлгэсэн бүргэдээ эзэн нь хаврын урин цагт байгаль дэлхийд нь буцааж тавьдаг. Ингэхдээ уулын оройд бүтэн хонины мах тавьж, олон жил ан гөрөөлөхөд хамт зүтгэсэн бүргэдээ үддэг ёстой.
Н.Айшолпан охиныг зурагчин залуу нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, эелдэг даруу, ичимхий хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн 2000 жилийн түүхэнд зөвхөн эрчүүдийн хийсээр ирсэн бүргэдийн анд ийнхүү балчир охин суралцаж байгаа дүр зураг түүний сонирхлыг ихэд татсан гэж бичжээ.
Эх сурвалж: http://www.news.mn/r/176354
Англи хувилбар: http://www.bbc.com/news/magazine-26969150