МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийв.
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Индонез Улсын Элчин сайдын яам 2016 оны 9 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ФАН ДАН ДУОНГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ярилцав.
ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНЧУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД МИЛОСЛАВ СТАШЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг өргөн хүрээний асуудлаар дэд сайд нар санал солилцов.