Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ КУБА УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ КУБА УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

600x600

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийв. Эрхэмсэг ноён Р.Кастро уулзалтын эхэнд хэлэхдээ Монгол, Куба нь дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байдаг ч олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний Куба Улсад хагас зуун жилийн дараа хийгдэж байгаа гэдгээрээ онцлог хэмээн Эрхэмсэг ноён Р.Кастро цохон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Эрхэмсэг ноён Р.Кастро болон Кубын ард түмэн Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлж, Куба Улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хоёр орны найрсаг харилцаа батжин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.

Хоёр талын харилцаанд боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг талууд уулзалтын үеэр онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр болсноо кубын талаас айлчлалын үеэр мэдэгдэв. Кубын Засгийн газар нь 1994 оноос эхлэн жил бүр шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын 2-3 оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд эдүгээ тус хөтөлбөрт манай 140 гаруй оюутан хамрагдаад байна.

Талууд мөн хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, тухайлбал, элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочлов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн захирал Еүлохио Пиментел болон зарим эрдэмтэдийг Монголд урьж хөдөө аж ахуй, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уг төвийг хөгжиж буй орнуудад их хэмжээгээр тархаж буй вирус, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор анх 1982 онд тухайн үеэийн Кубын Ерөнхийлөгч Фидэл Кастро санаачлан байгуулсан байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочлон, тус сургуулийн багш, оюутнуудад лекц уншив.