Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газар үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хурал өнөөдөр Улсын Драмын Эрдмийн Театрын хүндэтгэлийн танхимд боллоо. Баярын хуралд тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа ажилтнууд, ГХЯ-ны төлөөлөл, Улаанбаатар хотод суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн газруудын төлөөл оролцов.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, өдий зэрэгт хүрэхэд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын үе үеийн удирдлага, хамт олны оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” болохыг онцлов.
Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын захирал О.Заяамандах хурлын индэр дээрээс одоогоос 65 жилийн тэртээ ганц хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газар өнөөдөр санхүү, эдийн засгийн хувьд биеэ даасан, материаллаг бааз сайтай, мэргэшсэн чадварлаг хүний нөөцтэй байгууллага болсныг тодотгов. Түүнчлэн тус байгууллага нь 2012 онд 3.3 тэрбум, 2013 онд 5.1 тэрбум, 2014 онд 4.4 тэрбум, 2015 онд 4.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн ажилласан бөгөөд олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэхээр зорилт тавин ажиллаж байгааг дурдав.
Монгол Улсын гадаад харилцаа 1950–иад оноос улам өргөжин тэлж, Улаанбаатар хотод суух дипломат төлөөлөгчдийн газруудын тоо өсөн нэмэгдсэнээр тэдний ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлага зүй ёсоор тавигджээ. Тэрхүү хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 1951 онд “Элчингүүдэд” үйлчлэх тасаг”-ийг байгуулснаар тус байгууллагын эх суурь тавигдсан бол 2015 оноос Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ болж өргөжин тэлээд байна.