Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Гаванагийн Их сургуульд зочилж, багш, оюутнуудад Монголын түүх, соёл болон эдийн засаг, нийгмийн байдлын талаар лекц уншиж, Кубад сурч буй монгол оюутан залуусын төлөөлөлтэй уулзана.
Бүгд Найрамдах Куба Улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны орон бөгөөд тус тивтэй харилцах гүүр болж ирсэн.
Монголын талаас хамгийн сүүлд 1984 онд, Кубын талаас 1970 онд дээд түвшинд харилцан айлчлал хийж байв.
Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Куба Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.