Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан 09-р сарын 10-ны өдөр Москва хотын баруун урд дүүрэгт байдаг “Коммунарка” нэртэй хуучин ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын нууц объект байсан газар хилс хэргээр буудагдан хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолбор хөшөөнд ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Ч.Баттөмөр, ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, гүн хүндэтгэл үзүүлэв.
“…“Коммунарка” нэртэй энэ газар 1920 оны сүүлчээс ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын газрын дарга Г.Г. Ягодагийн хувийн зуслан байжээ. Энд 1937 оны 9-р сарын 2-ноос 1941 оны 10-р сарын 16-ны хооронд хилс хэргээр буудагдан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байна. “Коммунарка”-д 1938 оны 10-р сарын дунд хүртэл бөөнөөр нь, 1939 онд цөөнөөр нь буудан хороож байжээ. Дайн эхэлсний дараахан буюу 1941 оны 7-р сарын 27, 28, 30-ны өдрүүдэд 513 хүнийг хороосон байна. Москвачуудын хувьд хамгийн эмгэнэлтэй өдөр болох 1941 оны 10-р сарын 16-нд 220 хүнийг буудан амь насыг нь хороож байжээ…” гэж тус газрын хашаан доторх самбарт бичжээ. Энэхүү газрын хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан түүний дотор 400 гаруй монгол иргэн нойрсож байна.