Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд өнөөдөр бараалхав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улс нь уул уурхайн салбарт арвин туршлагатай, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, түнш орон болохыг онцлов.
Монгол, Канадын харилцаанд уул уурхайн салбар чухал байр эзэлж ирсэн боловч хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах болон боловсролын салбарт идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илэрхийлэв.
Монгол Улсад айлчилж буй Канадын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд Эрхэмсэг ноён Ж.Рэган талархал илэрхийлж, Канад, Монголын хувьд ижил төстэй зүйлс их байгааг онцлон, уул уурхай, хөдөө аж ахуй болон бусад салбарт хуримтлуулсан туршлага, ололтоосоо Монголын талтай хуваалцахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Жэйгэр нар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Уг хэлэлцээр нь Монгол Улсад Канадын хөрөнгө оруулалтыг татаж, улмаар Монголын ард түмэнд хүртээмжтэй, эдийн засгийн хөгжил, цэцэглэлд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд нотлов.
Канадын Парламентын даргын энэ удаагийн айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр талын дээд, өндөр хэмжээний айлчлалын давтамжийг хадагалахад чухал ач холбогдолтой юм.