Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормааг Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макрид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараагаар тус улсын Парламентын доод танхимын дэд дарга хатагтай Патрисиа Гименез Конгрессын ордондоо хүлээн авч уулзав.
Талууд энэ уулзалтаар тус танхимд Аргентин, Монголын найрамдлын бүлэг байгуулах асуудлаар ярилцсан бөгөөд айлын тал энэ чиглэлээр ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал зохион байгуулах талаар санал солилцлоо.