Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макрид 2016 оны 8 дугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ёслолын ажиллагааны үеэр Элчин сайд Ч.Сосормаа ноён Ерөнхийлөгч Маурисио Макрид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол, Аргентины хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ үед Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйдаа баяртай буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайд Монгол, Аргентины хооронд боломжтой бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.
Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу хоёр орны хооронд тогтоод буй найрсаг харилцааг идэвхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Элчин сайд Ч.Сосормаад ажлын өндөр амжилт хүсэв.
Талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхээр ажиллаж байна.