Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХАВТГАЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ХАНДИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАВТГАЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ХАНДИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын говийн их дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хавтгай хамгаалах Сангийн тэргүүн ИБУИНВУ-ын иргэн Жон Хэйр 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Их Британийн Кент мужид хандивын арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү сайн санааны хандивын үйл ажиллагаанаас олсон орлогыг Монголын хавтгайг хахир хүйтэн урт өвлийг өнөтэй давахад нь зориулж өвс, тэжээл худалдан авахад зарцуулах юм.

Уг хандивын арга хэмжээг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ дэмжин оролцож, Элчин сайд Н.Тулга нээж үг хэлэв. Мөн Британи дахь Монголчуудын Холбоо, Британид оршин суугаа Лондон, Манчестер, Ноттинхам дахь монгол иргэд өргөнөөр оролцлоо.

Арга хэмжээний үеэр монгол үндэсний урлагийн тоглолт, бөхийн барилдаан, монгол болон араб тэмээний уралдааныг зохион байгуулж оролцогчдод сонирхуулав. Мөн Британид оршин суугаа монголчууд үндэсний хоол бууз, хуушуур хийж, арга хэмжээг сонирхон ирсэн олныг  дайлав.   Зохион байгуулагчдын ярьж байгаагаар тус арга хэмжээнд нийтдээ таван мянган хүн оролцсон байна.

Британийн хавтгай хамгаалах сан нь 2002 оноос эхлэн Монгол Улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр Монголын ховор зүйлийн комисстой хамтран “Хавтгай үржүүлгийн төв”-ийг байгуулан Говийн их дархан цаазат газарт гаршуулан үржүүлж буй хавтгайн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус сан нь энэ зорилгын хүрээнд  2011 оноос хойш жил бүр дунджаар 25 сая төгрөгийн санхүүжилт босгож байгаа бөгөөд хавтгайг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхий дахинд сурталчлах, олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын дэмжлэг туслалцааг авах үйлсэд бодит хувь нэмрээ оруулдаг юм.

1

32456