Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСАЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОНО

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОНО

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийн урилгаар оролцоно.

Энэ жилийн чуулга уулзалтын үеэр оросын тал ОХУ-ын эдийн засгийн хөгжил, түүний дотор Алс Дорнодын хөгжил – Ази, Номхон далайн орнуудын шинэ боломж, хөгжлийн ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, Зүүн Ази, Ази, Номхон далайн бүс нутгийн бодлого, байр суурийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм. Дорнын эдийн засгийн хоёрдугаар чуулга уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс гадна Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тэргүүтэй албаны хүмүүс оролцоно.

Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Паг Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна гадаад, дотоодын нийт 2500-3000 төлөөлөгч уг хуралд оролцох аж.

Чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид оросын талтай уулзалт хийж Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Дорнын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалт нь 2015 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Владивосток хотноо Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд уг чуулга уулзалтад 24 орны 1500 гаруй төлөөлөгч оролцсон байв.