Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН II ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН II ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Монгол хүн дэлхийн улс орнуудад чөлөөтэй зорчиж, ажиллаж амьдрах болсон үеэс хилийн чанад дахь Монголчууд эвлэлдэн нэгдэж, холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төвүүдийг үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү холбоод, ТББ-уудыг нэгтгэсэн “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Гадаад хэргийн сайдын санаачлагаар 2014 онд анхдугаар чуулганаа хийж байсан тус чуулганы хоёр дахь уулзалтыг Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулга уулзалтанд хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулдаг 120 гаруй төрийн бус байгууллага, холбоодын 200 гаруй төлөөлөгч ирж оролцохоор байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг тууштай хамгаалах, хилийн чанадад байгуулагдсан “Монгол сургууль, цэцэрлэг”-ийн үйл ажиллагааг сурах бичиг, сургалтын арга зүйгээр хангах, монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан монголчуудын холбоодод дэмжлэг үзүүлэх, гадаадад сурч, ажиллаж өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилт Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Энэ хүрээнд гадаад улс орнуудад суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэд, тэдний үүсгэл санаачилгын байгууллагуудтай эргэх холбоотой хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үйлст нь дэмжлэг үзүүлэх, улс орныхоо нэрийг дэлхий дахинд сайнаар гаргаж байгаа иргэдээ дэмжин урамшуулахад Гадаад харилцааны яам ихээхэн анхаарч ажиллаж байна.

2-р Чуулган Facebook Cover