Эрхэм хүндэт монгол судлаачид аа,
Эрхэм хүндэт хурлын төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Олон улсын монголч эрдэмтдийн ХI их хуралд оролцож байгаа дотоод, гадаадын эрдэмтэн судлаач Та бүхэнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилье.
Энэ удаагийн монголч эрдэмтдийн их хурал маань “Монгол хэл бичгийн судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиолын судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монгол гадаад харилцааны судлал” гэсэн 5 үндсэн салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдаж, ийнхүү өндөрлөж байна.
Тэртээ 1959 онд Улаанбаатар хотноо анх чуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурал нь өнөөгийн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын шавыг тавьсан төдийгүй дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн Олон улсын монгол судлалын холбооны эхлэлийг тавьсан чухал үйл явдал байсан юм. Хагас зууны тэртээх үйл явдлыг эргэн харахад үзэл суртлын хатуу хана хэрмийг эрдэм шинжилгээ, судалгааны гэгээн үнэнээр давж чадсан монголч эрдэмтдийн бахдам үйлс байлаа. Өнөөдөр анхдугаар их хурал цар хүрээгээ улам тэлж, “Олон улсын монголч эрдэмтдийн их хурал” болон өргөжсөөр эдүгээ арван нэг дэх удаагаа чуулж байна.
Монгол орон, монголчууд биднийг хамгийн сайн мэддэг хүмүүс өнөөдөр энэ танхимд сууж байна. Аливаа улс үндэстний оршин тогтнох тулгуур үндэс нь үндэсний хэл, түүх, өв соёл, уламжлал байдаг. Монгол Улс баялаг түүхтэй, төрт ёсны арвин уламжлалтай. Хөхрөгчийн доор алдраа дуурсгасан Их эзэн Чингис хааны үр хойчис монгол түмэн маань өв соёлоо танин мэдэх, эрхэмлэн дээдлэх, үеийн үед өвлүүлэн түгээхэд монгол судлаачид Та бүхний судалгаа чухал зүг чиг болдог билээ. Ялангуяа, гадаадын монголч эрдэмтэд монголчууд биднийг өөр сэтгэлгээ, өөр үнэлэмжээс харж судалдаг учир монгол үндэстний хувьд өөрсдийгөө илүү танин мэдэх, тольдон харах тод өнцөг болдог юм.
Монгол судлалд ололттой олон зүйл бий, бас анхаарах асуудал ч цөөнгүй байна. Юуны өмнө түүхэн үнэнийг гуйвуулах, цаг зуурын үзэл сурталд автан үүх түүх бичиглэх гажуудлыг эрдэм судлалын энэ сайхан ертөнцөөс таягдан хаях ёстой. Монголын түүх судлалд цаг үе, нөхцөл байдлаас үүдэн гарч байсан түүхэн үнэнийг гуйвуулах хандлагыг залруулж, бодитоор гаргах цаг нэгэнт болсон. Монголын түүхийн сайныг нь ч, саарыг нь ч бичих ёстой. Ингэснээр бидний түүх үнэнээрээ тодрон үлдэх учиртай. Өнөөдөр ийм боломж улам нээлттэй болж, олон улсын эрдэмтэн, судлаачид Та бүхэн үүнд анхаарлаа хандуулж байгаад миний бие их баяртай байна.
Монгол Улс тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Чингис хаанаа өргөмжлөн Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 55 жил гээд олон түүхт ойг энэ жил ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг өнгөрсөн 7 дугаар сард нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн Ази–Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн болон өндөр түвшний бие төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар нэр дэвшсэн улсуудыг тэргүүлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр энэ жил анх удаа сонгогдлоо. Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь Монгол Улсын гадаад харилцааны нэг чухал алхам төдийгүй хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах таатай боломжийг бүрдүүлж байгаа юм.
Монгол судлалыг хөгжүүлэхэд Монгол Улсын төр, засгаас ихээхэн анхаарч, 2012 онд “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”, 2016 онд “Дэлхийн Монголчууд хөтөлбөр” болон “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг тус тус батлан хэрэгжүүлж байна. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол судлалыг дэмжих сан”-г байгуулж, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан билээ. Эдүгээ нэгэнт монгол судлалыг хөгжүүлэх бодлоготой, дэмжих сантай, бодлогыг зангидах нэгжтэй болсон учир энэ салбарын хөгжлийг өөдрөгөөр харж байна. Ер нь монгол судлалын асуудал монгол төрийн үл тасалдах алтан аргамжийн бодлого байх ёстой гэж би үздэг.
Энэ дашрамд Монгол судлалыг олон улсад хөгжүүлэх үйлсийг түүчээлж, бие сэтгэлээрээ монгол судлалд хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн ахмад эрдэмтэн, судлаач Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье. Та бүхний залгамж халаа болсон шинэ залуу үе түрэн орж ирж байгаа нь тун бахархалтай хэрэг юм. Монгол судлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монголын ирээдүйд чухал ач холбогдолтой тул Та бүхнийг сэтгэл, оюунаа чилээн энэ их үйлсэд хүчин зүтгэн ажиллаж байгаад дахин талархал илэрхийлье.
Монгол орон, монголчууд бидний хэл, соёл, түүх, нийгэм, улс төр, хууль, эрх зүйн тогтолцоог судлах, дэлхий ертөнцтэй улам дөт холбох үйлсийн төлөө зүтгэж байгаа монголч эрдэмтэн Та бүхний эрдмийн үйлсэд их амжилт, эрдэнэт биед тань эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс та бүхний эрдэм судлалын үйлсийг тууштай дэмжиж, боломжит бүх нөхцлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно.
Монгол орон монголоороо үүрд оршихын дотоод дархлаа батжин бэхжиж, монгол судлал улам өргөжин хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.