Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТДИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ

МОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТДИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ

shagnalМонгол Улсыг олон улсад таниулах, монгол судлалыг хилийн чанадад хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаадын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Алтангадас одонгоор ОХУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Бойкова Елена, Япон улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хироки Ока, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Жалсангийн Ринчиндорж,  ОХУ-ын иргэн, Иркутскийн Улсын их сургуулийн багш Лиштованный Евгений Иванович, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хаапангаагийн Чойжинжав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын багшийн  их сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргал, Бүгд Найрамдах Франц улсын иргэн, Францын Ле Харве их сургуулийн доктор, профессор Пиэр Шабал нарыг,

Найрамдал медалиар ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Ута Шёне, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн,  монголч эрдэмтэн Родика Поп, ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Инес Штольпе, ОХУ-ын иргэн, Эрмитаж улсын музейн Дорно дахины салбарын ажилтан Крамаровский Марк Григорьевич, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын их сургуулийн багш Сэйнгойровын Насан-Урт нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал нээлтээ хийж буй энэ өдөр монгол судлалын салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж байгаа дотоод гадаадын шилдэг эрдэмтдэд Есөн хөлт цагаан тугийн цэнгэн орших хүндэтгэлийн өргөөнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол үндэстний хэл соёл, түүх, сэтгэлгээний онцлог, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг шинжлэх ухаанд үндэстэй судлан тайлбарлах үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач та бүхэнд баярлалаа.

Энэ шагнал бол Монголыг судалж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж буй Монгол төрийн хүндэтгэл юм. Мөн таны багш, шавь, хамтран зүтгэгчдэд тань олгож байгаа урам юм. Монголын төр, судлаачид хамтран монгол судлалыг хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллана. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн сүлд өнөд биднийг ивээх болтугай. Баяр хүргэе” гэлээ.