ОХУ-ын Москва хотноо 2016 оны 08 дугаар сарын 26-наас 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож байна. Тус наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, Зэвсэгт хүчний Үлээвэр найрал хөгжмийн дарга, МУГЗ, хурандаа Ч.Гансүх, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд нараар ахлуулсан нийт 94 цэргийн албан хаагч оролцож байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа наадамд оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг 08 сарын 25-ны орой хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд амжилттай оролцох ерөөл дэвшүүлэн гараар урласан “Гжелийн шаазангийн үйлдвэр”-ийн цаг дурсгав.
Зэвсэгт хүчний Үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ч.Гансүх дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд үлээвэр хөгжмийн сонгодог аялгуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Уулзалтанд Элчин зөвлөх, Ч.Баттөмөр, Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г.Энхбаатар, Зөвлөх, консул, Цэ.Ганболд нар оролцлоо.